Нүүр хуудасМэдээЭМЯ: Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлага үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулж байна

ЭМЯ: Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлага үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулж байна

ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос эрүүл мэндийн байгууллагын удирдлагын манлайлал, менежментийг сайжруулах, сахилга хариуцлага, соёл, ёс зүйн хэм хэмжээг сахих чиглэлээр салбарын хэмжээнд тулгамдсан асуудлыг хэлэлцэх, санал солилцох, зөвлөмж боловсруулах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 2025.10.29

 Хэлэлцүүлэгт эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил, хариуцлага, цаашдын чиг хандлага, ёс зүйн болзошгүй зөрчлөөс ухамсартайгаар зайлсхийх, ёс зүйтэй шийдвэр хэрхэн гаргах, төрийн албан хаагчийн ёс зүй, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хүний эрх ба ёс зүй, эрүүл мэндийн салбарын авлига, ашиг сонирхлын зөрчлийн ерөнхий нөхцөл байдал, эмнэлгийн мэргэжилтний гэмт хэрэг зөрчилд холбогдсон байдал цаашлаад анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийн мэргэжлийн хөтөлбөр дэх ёс зүйн сургалтын чанар, хүртээмжийн талаар илтгэл хэлэлцүүлэв. 

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат: Эмч эмнэлгийн мэргэжилтнүүд нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг мөрдлөг болгон ажилладаг бөгөөд тус хууль дүрэмд заасны дагуу хүнлэг, энэрэнгүй байх, үнэнч шударга байх, хариуцлагатай байх тулгуур зарчмыг баримтлан ажилладаг. ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо нь 2011 онд байгуулагдсан. Энэ хугацаанд эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг дөрвөн удаа шинэчлэн боловсруулж батлуулж өнөөдрийг хүртэл мөрдөн ажиллаж байна. Тус хороонд сүүлийн таван жилд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдээс 600 гаруй өргөдөл гомдол ирсэн. Саяхан эрүүл мэндийн байгууллагын хэмжээнд иргэдээс судалгаа авсан юм. Уг судалгаанд, Иргэдээс та хэнд хамгийн их итгэдэг вэ гэж асуухад 82.5 хувь нь “эмчдээ итгэдэг” гэж хариулсан. Харин юунд сэтгэл дундуур байна гэсэн асуултад “эрүүл мэндийн байгууллагат, эмнэлэгт” гэж хариулсан байна. Энэ бол эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал, эрүүл мэндийн байгууллагуудын иргэдэд үйлчлэх ёс зүйн хандлага, тэгш байх зарчим зэрэгт анхаарах цаг болсныг харуулж байгаа юм. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ зөрчигдөхөд нөлөөлөх олон шалтгаан бий. Иймд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуультай уялдуулан эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулах, эрх зүйн шинэчлэлийн ажлуудыг хийж байна” гэлээ. 

Энэ удаагийн хэлэлцүүлгийн онцлог нь ЭМЯ-ны дэргэдэх Анагаах ухааны ёс зүйн хяналтын хороо, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, эрүүл мэндийн байгууллагуудын дэргэдэх Ёс зүйн дэд хороо, салбар, хэсгийн хороо болон Монгол Улсын Ёс зүйн хороодын төлөөллүүд оролцож эрүүл мэндийн салбарт ёс зүйн чиглэлээр тулгамдаж буй асуудлын талаар зөвлөлдөж байгаа юм. 

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурал, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа, Монгол Улсын Ёс зүйн хороо, ЭМЯ-ны дэргэдэх Анагаах ухааны ёс зүйн хяналтын хороо, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Боловсролын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Дотоод хэргийн их сургууль, 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоо, анагаах ухааны боловсрол олгох их сургуулийн төлөөллүүд бүхий 500 гаруй хүн оролцож байна. 

Үндэсний хэлэлцүүлгээс гаргасан уриалга, зөвлөмжийг ёс зүйн зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөж буй үйл ажиллагаандаа эрүүл мэндийн байгууллагууд тусган хэрэгжүүлснээр удирдлага, манлайлал, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, мэргэжлийн түвшинд хариуцлагатай ажиллах, салбарын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах, соёлыг төлөвшүүлэх ач холбогдолтой. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН