Нүүр хуудасМэдээ"Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих тогтоолын төсөл...

“Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих тогтоолын төсөл батлагдлаа

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2018.02.06/ 14 цаг 25 минутад 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, “Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн орон сууцны корпорацийн мэдээлэл сонсов.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, өргөдөл гаргаж байгаа өндөр настнуудын дийлэнх нь өөрийн гэсэн орон гэргүй, үр хүүхдийндээ толгой хорогдон амьдардаг тухай, орон сууцтай нэг нь үр хүүхэддээ өгөөд өөрсдөө хотын захруу гэр хороололд зутруу амьдарч байгаа тухай тэд бүгд л төр засагтаа үнэнч шударгаар хөдөлмөрлөсөн тухай өргөдөлдөө дурдсан байна. Мөн ахмадын болон түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ олон жилийн өмнө гаргаж байгаа боловч очер дугаар нь болоогүй гэх, 500 мянгаас доош тэтгэврийн орлоготой тул орон сууцанд хамрагдах боломжгүй, мөн албан тушаалтны хүнд суртлын талаар дурдаж төр засагтаа гомдож явдгаа илэрхийлж байна. Өнөөдрийн хуралдаанаар ахмадын болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн 5 байршилд  барихаар төлөвлөгдсөн “Ахмадын түрээсийн орон сууц”-ны барилгын асуудал, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Сүхбаатар дүүргийн 11-р хороонд байрлах 300 айлын орон сууцны ашиглалтын явц, ахмадуудад зориулсан орон сууцны тоо, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой мэдээллийг авч Өргөдлийн байнгын хорооноос холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, чиглэл өгөхөөр төлөвлөлөө гэж хуралдааны эхэнд танилцууллаа.

Ингээд Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн мэдээллийг сонсов. Тэрээр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.4.3.4-т 2017-2020 оны хугацаанд “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 20,000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр, 2020 оны түвшинд 1,119,0 тэрбум төгрөг зарцуулахаар тусгагдсан. Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 38, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 298, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 169 дүгээр тогтоолуудаар төрийн өмчийн түрээсийн 1512 айлын орон сууцны сан бүрдүүлэх асуудлыг шийдвэрлүүлсэн.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Улаанбаатар хотод эхлүүлсэн 972 айлын, аймгуудын төвд эхлүүлсэн 590 айлын орон сууцны төслүүдийг гүйцээх, 660 айлын орон сууцыг шинээр барих замаар, нийт 2222 айлын орон сууц тус тус ашиглалтанд оруулна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 87,5 тэрбум төгрөг шаардлагатай.

Харин шийдвэрлэх асуудлын хувьд Засгийн газрын 38, 169 дүгээр тогтоолуудаар батлагдсан 82,3 тэрбум төгрөгийн төлбөр, 2017 онд бодогдсон хүүгийн зөрүү төлбөр 4,7 тэрбум төгрөг, нийт 87,1 тэрбум төгрөгийг Сангийн яаманд өр үүсгэх замаар “ТОСК” ТӨҮГ-ын Хөгжлийн банкнаас авсан зээлийн төлбөрт суутгуулах. Энэхүү хөрөнгийг шийдвэрлүүлснээр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.4.3.3-т тусгагдсан “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд залуу гэр бүлийг орон сууцжуулах, орон сууцны түрээсээ урьдчилгаанд шилжүүлэн тооцуулах журам боловсруулан хэрэгжүүлэх” зорилт хэрэгжих урьдач нөхцөл бүрдэнэ гэлээ. Тэрээр үргэлжлүүлэн салбарын цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Төрийн орон сууцны корпорацийн захирал Ж.Хичээнгүй нар мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Л.Энхболд, М.Билэгт, А.Сүхбат, Б.Энх-Амгалан, Д.Дамба-Очир нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, тодруулга авлаа.

УИХ-ын гишүүд Төрийн орон сууцны корпораци нь энэ онд иргэдийг түрээсийн орон сууцаар хангах боломж болоод тоог нэмэгдүүлэх боломж байгаа эсэхийг тодруулав.

ТОСК-ийн захирал Ж.Хичээнгүй, өнгөрсөн хугацаанд хүсэлт ирүүлсэн 360 айлыг түрээсийн орон сууцанд шилжүүлсэн бол төрийн өмчийн түрээсийн 1512 айлын орон сууцнаас 262 нь хамрагдаж байна. Нийт 900 айлыг нэмж ашиглалтад оруулахааар төлөвлөж байгаа бөгөөд төсөв мөнгө нь шийдэгдвэл түрээсийн орон сууцанд шилжүүлэхэд бэлэн гэлээ.

Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд шинэ орон сууц зургийн дагуу баригдвал 89 мянган айл орон сууцтай болох боломжтой. Үүнийг төр санхүүжүүлбэл түрээсийн мөнгөөр хөрөнгө оруулалтаа буцаан авах бодит боломж харагдаж байна гэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүд зөвхөн нийслэлд бус орон нутгийн хэмжээнд эрэлт, хэрэгцээ ямар түвшинд байгаа талаар тодруулахын зэрэгцээ төрийн албан хаагчид хамрагдах боломжийн талаар тодруулж, мөн олон арван жил байртай болох өргөдлийг хэрхэн шийдвэрлэж буй талаар асууж байлаа.

Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлд иргэдээс ирүүлсэн өргөдлийг дугаарладаг байсан бол өмнөх 4 жилд дүүргүүдэд шилжүүлснээр замбраагүй болсон. Энэ ажлыг өнгөрсөн жилээс нэгдсэн системд оруулаад ажиллаж байгаа. Манайд бүртгэгдсэнээр хамгийн олон жил хүлээгдэж буй өргөдөл 20 жил болж байна, тухайн өндөр настанд нэн тэргүүнд байр олгохоор ажиллаж байна гэв.

Өнөөдрийн байнгын хорооны хуралдаан зөвхөн албан тушаалтнуудын мэдээлэл сонсч, тайлбар авах бус төрийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг, мөн иргэдийг оролцуулах боломжийг олгосноороо онцлог байлаа.

Ингээд иргэдийг төлөөлж, Чингэлтэй дүүргийн иргэн Лхамдарь хэлэхдээ, анх өргөдлөө хороонд гаргахад дүүрэг рүү шилжүүлсэн, тэндээсээ холбогдох газар, яам руу шилжүүллээ гэсэн л хариу өгдөг. Өргөдлөө өгөөд 10-аад жил болж байна, шат шатандаа хариуцлага байхгүйн улмаас энэ олон жил өнгөрч байна. Мэдэх хүн байтугай хариуцах ч хүн олдохгүй юм, харин УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны саналын хайрцагаар хүргүүлсэн миний болоод над шиг олон жил өргөдлийнхөө хариуг хүлээж буй иргэдийн асуудлыг өнөөдөр энд хэлэлцэж буйд баяртай байна. Өнөөдрийн хуралд оролцсоноор бодит мэдээлэл авч, бидний асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, холбогдох албан тушаалтнуудын мэдээлэл сонсч, УИХ-ын гишүүдийн хэлсэн үг, саналыг Байнгын хорооны хуралдааны санал, дүгнэлтэндээ тусгах болно. Түрээсийн орон сууц үнэхээр шаардлагатай байгааг өнөөдрийн хуралдаанд нийслэл, яам, иргэдийн төлөөлөл дуу нэгтэй илэрхийлж байна. Иймд зохион байгуулалтын ажил болоод санхүүгийн асуудлыг тусгасан Байнгын хорооны тогтоол гаргах, ажлын хэсэг байгуулах саналтай буйгаа мөн дурдав.

Ийнхүү УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос “Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэх, хэрэгжилтэд хяналт тавих, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд Байнгын хорооноос тогтоол гаргах, Ажлын хэсэг байгуулах тухай санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН