Нүүр хуудасНийгэмТ.Пүрэвхатан: Барилгын салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэндийг дэвшүүлье

Т.Пүрэвхатан: Барилгын салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэндийг дэвшүүлье

Барилга, хот байгуулалтын салбарын эрхэм барилгачид, инженер техникийн ажилтнууд, үе үеийн ахмадууд, салбарын гавьяатнууд, хөрөнгө оруулагчид та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье!

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь салбарын төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, улсын төсөв болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төсөл, арга хэмжээнд захиалагчийн техник хяналт тавих, томоохон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг мэргэжлийн дэмжлэгээр хангах, норм дүрэм, стандартыг шинэчлэх, боловсронгуй болгох, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, инженер техникийн ажилтнуудаа сургах, чадавхжуулах чиглэлээр тууштай ажиллаж байна.

2025 онд хийж, хэрэгжүүлж буй онцлох ажлуудаас дурдвал,

🔹️Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийт 494 барилга байгууламжид хяналт тавьж ажиллахаас гадна олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүд болох “Загийн усны хоолой”-н гүний усны ордоос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамж, инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажил, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд жилд 30 сая тоннын хүчин чадалтай “Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл”-ийн барилга угсралтын ажил, Дорнод аймгийн Матад суманд “Газрын тос дамжуулах хоолой барих” төсөл зэрэг олон улсын төслүүдэд бид олон улсын чанарын менежмент тогтолцооны дагуу захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

🔹️Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны захиалгатай, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын “Шинэ төв цэвэрлэх байгууламж”-ийн барилга угсралтын ажилд норм дүрмийн дагуу хяналтыг хэрэгжүүлэн 90 хувийн гүйцэтгэлтэйгээр энэ ондоо багтаан ашиглалтад оруулах гэж байна.

🔹️Мөн магадлал хийх ажлын хүрээнд, тарифт цалингийн шинэчилсэн төсөвт магадлалын үйл ажиллагаа, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажлын зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна “Улаанбаатар хотод шинээр баригдах “Туулийн хурдны замын техник, эдийн засгийн үндэслэл”, “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метрог барьж байгуулах төсөл”-ийн техник эдийн засгийн үндэслэлд магадлал хийж, 2025 оны 3 дугаар сард багтаан баталгаажууллаа.

🔹️Барилгын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 409 норматив баримт бичигт анх удаа АI /хиймэл оюун ухаан/ технологийг ашиглан норматив баримт бичгийн давхардал, зөрчил, хийдэл, зөрүүтэй байдлыг арилгаж, тогтолцооны шинэчлэлт хийх ажлыг эхлүүллээ.

🔹️Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомт дахь Барилгын материалын сорилт шинжилгээний түргэвчилсэн лабораторийг 2026 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар тоног төхөөрөмжийг суурилуулж, бэлтгэл ажлыг хангаад байна.

🔹️Салбарын инженер, техникийн ажилтнуудаа мэргэшүүлэн чадавхжуулах ажлын хүрээнд “Ногоон барилгын үнэлгээний BestGER аргачлал” /БД 25-102-24/, Барилгын мэдээлэлтэй загварчлал (BIM) технологийг нэвтрүүлэх сургалтад салбарын инженерүүдийг хамрууллаа.

🔹️Түүнчлэн барилгын салбарын бодлогын баримт бичгийг боловсронгуй болгох, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлж,

Барилгын тухай хууль (шинэчилсэн найруулга),

Хот байгуулалтын тухай хууль (шинэчилсэн найруулга),

Үндэсний орон сууцны санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Ирэх 2026 онд салбарын 100 жилийн түүхэн ой тохиох гэж байгаа учир бид энэхүү тэмдэглэлт баярыг угтан урд жилүүдийнхээ амжилт бүтээлийг бататгаж, ирэх жилүүддээ улам их амжилт, бүтээн байгуулалтыг өрнүүлэх их үйлсэд шамдан, томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх, бүтээлч байдлаар ажиллахаар холбогдох төлөвлөгөөг гарган ажиллаж байна.

Алтан гартай барилгачдын ур ухаан, хөдөлмөрийн үрээр Улс орны хөгжил дэвшлийн өнгө төрхийг тодорхойлдог. Барилга, хот байгуулалтын салбарт хөдөлмөр бүтээлээ зориулж буй Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилтыг хүсэн ерөөе!

“БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ-ЫН ЗАХИРАЛ ТӨРМӨНХИЙН ПҮРЭВХАТАН

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН