COP17 Зохион байгуулах Үндэсний хорооны ажлын албаны Аюулгүй байдлын дэд хорооны II хурал өнөөдөр буюу 12 дугаар сарын 08-ны өдөр ГХЯ-ны “Зөвшилцөл танхим”-д боллоо. Аюулгүй байдлын дэд хороо нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар Бага хурлыг зохион байгуулах барилга байгууламж буюу “Цэнхэр бүс”, “Ногоон бүс”, мөн дээд, өндөр түвшний зочдын байрлах зочид буудал, түүний ойр орчмын аюулгүй байдал, Улаанбаатар хотын замын үндсэн маршрутын хамгаалалтыг хариуцах үүрэгтэй ажиллаж байна. Тэрчлэн СОР17 хурал болох үеийн галын аюулгүй байдал, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх зэрэг бүхий л холбогдох арга хэмжээний хүрээнд НҮБ-ын хамгаалалтын багтай “Цэнхэр бүс”-д хамтран ажиллах юм.
Энэ удаагийн хурлаар Аюулгүй байдлын дэд хорооны дарга, ҮАБЗ-ийн ажлын албаны дарга, хошууч генерал Б.Ариунболд дэд ажлын хэсгүүдийг 12 дугаар сарын 15-ны дотор байгуулах чиглэлийг өглөө. Энэхүү аюулгүй байдлын арга хэмжээг удирдаж, бодлого, зохион байгуулалт талаас хариуцаж ажиллах газар нь Төрийн тусгай хамгаалалтын газар байх юм.

Мөн COP17 зохион байгуулах түр байр, барилга байгууламжийн талаарх мэдээллийг “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга танилцуулсан бөгөөд галд тэсвэртэй бат бөх материалаар хийсэн түр барилга байгууламж байхаар төлөвлөснөө онцлов. Мөн Б.Ариунболд даргын өгсөн үүргийн дагуу ойрын хугацаанд Аюулгүй байдлын дэд хорооны ерөнхий төлөвлөгөөг холбогдох байгууллага, дэд хороодын хамт боловсруулахаар боллоо.





