“Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журам”-ын дагуу салбартаа олон жил тууштай ажиллаж, шаардлага болзлыг бүрэн хангасан инженерүүдэд Мэргэшсэн инженер болон Зөвлөх инженер-ийн зэрэг олгох ёслолын ажиллагаа өнөөдөр (2025.12.18) зохион байгуулагдлаа.

Энэхүү ажиллагаанд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, магадлан итгэмжлэх зөвлөлийн дэд дарга Л.Баяр-Эрдэнэ, Зөвлөлийн гишүүн Ч.Золбаяр нар оролцож, шаардлага хангаж тэнцсэн нэр бүхий горилогчдод “Зөвлөх инженер”-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гардуулан өглөө.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар нь инженерүүдийн бодит бүтээлээр хөгждөг стратегийн чухал салбар болохыг онцолж, дижитал шилжилт, хиймэл оюун, 5G зэрэг шинэ үеийн хөгжлийн төвд инженерүүд манлайлах үүрэгтэй бөгөөд Зөвлөх инженерийн зэрэг нь салбарын бодлого, инновац, залгамж үеийн хөгжилд чиглэл өгөх өндөр хариуцлагыг илэрхийлдэгийг онцоллоо.






