Монголын PET дахин боловсруулалтаас орон нутаг хоцорч байна
Манай аав (одоо 86 настай) ундаанд маш их дуртай. Дандаа ундаа авч уудаг болохоор ундааныхаа савыг шуудай шуудайгаар нь хийгээд тавьчихсан сууж байна. Заримыг нь хаяна, заримыг нь хүн авна.
Хааяа би тоглоомоор таны ундааны савыг зардаг бол баяжихаар байна гэдэг.
Яагаад ингэж хэлж байна гэхээр аав маань орон нутагт амьдардаг хуванцар сав авдаг газар, цуглуулдаг хүн байхгүй учраас аавын уусан ундааны сав шууд л хогийн цэг рүү ачигддаг гэсэн үг.
Харин ундааны савыг хаях биш эргээд эргэлтэд оруулах, түүнийг хог биш мөнгө болгох боломж байдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байсаар байна. Тэгвэл хогийг яаж мөнгө болгодог вэ.
“PET ХУВАНЦАР: ХОГ УУ, НӨӨЦ ҮҮ?”Бид өдөр тутмын амьдралдаа ууж хэрэглэж байгаа ус ундааныхаа савыг хэрэглэж дууссаныхаа дараа хаашаа очиж, байгальд ямар ул мөр үлдээж байгааг төдийлөн боддоггүй нь нууц биш.
Гэвч дэлхий дахинд PET хуванцар нь зүгээр нэг хог биш, дахин ашиглагдах боломжтой стратегийн нөөц гэж тооцогдох болсон байна.
Олон улсын судалгаагаар дэлхий даяар жил бүр ойролцоогоор 500 тэрбум орчим PET сав үйлдвэрлэгдэж байна. Үүний:
- 30–35% нь дахин боловсруулагддаг
- 40% нь хогийн цэгт очдог
- 25–30% нь байгаль орчинд шууд хаягддаг.
Европын Холбоо, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд PET савны буцаан таталт, ангилан ялгалт-ын системийг амжилттай хэрэгжүүлснээр дахин боловсруулалтын түвшинг 60–90% хүргэж чадсан. Энэ нь зөв бодлого, иргэдийн оролцоо, үйлдвэрлэгчдийн хариуцлага хосолбол үр дүн бодитоор гарч болдгийг нотолж байна.
Энэ манай улсад боломжтой юу гэвэл Тийм. Манай улс хуванцар савыг дахин боловсруулж ашиглаж байгаа. Гэхдээ энэ нь хангалтгүй түвшинд байна. “Монгол Улс PET дахин боловсруулалтын түвшнээр Япон, БНСУ-тай харьцуулахад ойролцоогоор 20 дахин, Европын Холбооноос 15 орчим дахин доогуур байна.”
- Япон: 85–90%
- БНСУ:80%
- Европын Холбоо: 60%
- Монгол Улс: 3–5%

Энэ бол үнэхээр бага тоо. Энэ тоо бага байх тусмаа л байгаль орчинд үзүүлэх хуванцар хог хаягдлын сөрөг нөлөөлөл их байна гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Онгон дагшин байгаль, газар нутагтай, жилийн 4 улиралд аялал зугаалгаар явах боломжтой үзэсгэлэнт эх орны минь өнцөг булан бүрт хэн нэгний уугаад дууссан ундааны сав орхигдож хэдэн зуун жилээр хөрс шороо, эх дэлхийг бохирдуулан эргээд бидний уух ус, амьсгалах агаар, амьдрах орчинд минь сөрөг нөлөөллөө үзүүлдэг учраас өөрт хамаагүй асуудал мэтээр хойш тавих аргагүй болж байна.
Монголд дахин боловсруулах үйлдвэр нь байна. Хүчин чадал нь байна. Харин яагаад хангалттай хэмжээнд ажиллаж чадахгүй байна вэ гэдэг нь асуудал болж байна.
Нэгдүгээрт иргэдийн эргэлзээ байж мэдэх юм. Олон нийтийн дунд “дахин боловсруулсан хуванцар хүнсэнд аюултай” гэх ойлголт түгээмэл байдаг. Гэвч эдгээ ийм их мэдээллийн эрин зуунд, гар утсаараа хариуг нь олоод авах боломжтой цаг үед “хог болоод хэвтэж байсан савыг аваачиж угаагаад дахиж ундаа хийгээд зарах гэж байгаа” мэт ойлголттой байж болохгүй.
Дахин боловсруулсан хуванцар сав хүнсний зориулалтаар ашиглахад ямар ч аюул байхгүй гэдгийг нотлох мэдээлэл олон байна.
“ДАХИН БОЛОВСРУУЛСАН PET – ХҮНСНИЙ ЗОРИУЛАЛТААР АЮУЛГҮЙ ЮУ?”
ОРЧИН ҮЕИЙН ТЕХНОЛОГИ, СТАНДАРТЫН ХҮРЭЭНД БОЛОВСРУУЛСАН PET НЬ ХҮНСНИЙ ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
Үүнийг дараах олон улсын байгууллагууд баталгаажуулдаг:
- Европын Хүнсний Аюулгүй Байдлын Алба (EFSA)
- АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA)
- Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)
Эдгээр байгууллагын зөвшөөрсөн “food-grade rPET” технологи нь:
- Өндөр температур
- Вакуум
- Химийн болон физик цэвэршүүлэлт
зэрэг шат дамжлагаар бохирдлыг молекулын түвшинд арилгаж, шинэ PET-тэй ижил аюулгүй байдлыг хангадаг.
Өнөөдөр Европт худалдаалагдаж буй олон ус, ундааны сав 50–100% rPET агуулсан байдаг нь үүний бодит жишээ юм.

Хуванцар савны үйлдвэрт очоогүй, дахин боловсруулалтад оролгүй үлдсэн ус ундааны сав нь харин хог болж байгаль дэлхийд аюул учруулж эхлэх нь байна.

Дахин боловсруулах явц
Энэ хэний буруу вэ. Энэ хүний буруу. Таны бас бидний буруу.
ХУВАНЦРЫГ ЗӨВ УДИРДАХ ЦАГ ДОР:
ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ – ГАНЦ ТАЛЫН БИШ, ХАМТЫН ТОГТОЛЦОО”
PET хуванцар өөрөө “дайсан” биш. Харин бидний буруу хэрэглээ, сул зохион байгуулалт л байгальд асуудал үүсгэж байна. Тэгвэл бид энэ алдаагаа яаж засах вэ.
Олон улсын жишээгээр зөв стандарт, технологи, хамтын оролцоотой нөхцөлд PET нь:
- Байгальд ээлтэй
- Эдийн засгийн хувьд ашигтай
- Хүнсний аюулгүй байдлыг хангахуйц материал байж чадна гэдгийг нотолж байна.
Тиймээс “дахин боловсруулах боломжтой нөөц”-ийг хог болгож алдах уу, эсвэл хамтын ухамсраар эдийн засгийн эргэлтэд оруулах уу гэдэг сонголт бид бүгдээс хамаарч байна.
Тэгвэл хуванцар савыг хог биш “алт” болгохын тулд яах вэ. Хэн юу хийх вэ?
PET хог хаягдлын асуудал нь зөвхөн иргэн, эсвэл зөвхөн төрийн үүрэг биш. Энэ бол бүх оролцогч талын хамтын хариуцлагын гинжин хэлхээ юм.
Тэгвэл эдгээр талууд хэрхэн хамтран ажиллах боломжтой вэ.
Импортлогч, үйлдвэрлэгч
- Савлагааны материалыг дахин боловсруулагдахуйц загвараар сонгох
- Өргөтгөсөн үйлдвэрлэгчийн хариуцлага (EPR) хэрэгжүүлэх
- Буцаан таталтын системд санхүү, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх
Хэрэглэгч, иргэн
- Савыг ангилан ялгаж хаях
- Буцаан өгөх дадал хэвшүүлэх
- “Нэг удаа хэрэглээд хаях” сэтгэлгээнээс татгалзах
Төр, бодлого тодорхойлогч
- Стандарт, хяналтын тогтолцоог бүрдүүлэх
- Эдийн засгийн урамшуулал, татварын бодлогоор дэмжих
- Олон нийтийн боловсрол, мэдээллийг тогтвортой хүргэх
Эдгээр талуудын аль нэг нь оролцоогүй тохиолдолд дахин боловсруулалтын тогтолцоо тасарч, байгальд хохирол учруулах эрсдэл нэмэгдэнэ.
Хог хаягдлын менежментийг сайжруулж хуванцар савыг дахин эргэлтэд оруулах нь эдийн засгийн үр өгөөж, цаашлаад байгаль дэлхий хүрээлэн буй орчныг хамгаалах асар том агуулга болж байгаа юм.
Оролцогч талуудад орон нутгийн иргэдийг бас орхигдуулж болохгүй. Учир нь тэнд байгальд, хөдөөд хамгийн их хуванцар сав гээгдэж, хогийн цэг байтугай хогийн савруу ч орж амжилгүй хөдөө байгальдаа голын эрэг дээр, ой модон дунд үлдэж байгаа.
Монгол улсад байгаа ганц хуванцар сав дахин боловсруулах “ТМL пластик” компани орон нутгаас хуванцар цуглуулах ажлыг зохион байгуулж байгаа хэдий нь энэ нь хангалттай хүрэлцээтэй биш. Орон нутгийн иргэн бүрт, баг бүрт, сум бүрд хүрэлцэхгүй байна.
Тиймээс хуванцар савыг буцаан татах, төвлөрүүлэх системийг орон нутаг, сум, багуудыг орхигдуулалгүй бий болгож өрх, айл бүр, анхан шатны нэгж бүрээс гарч байгаа хогийг дахин ангилуулж авч хэвшүүлэх нь “энэхүү үйлдвэрлэлийн хамгийн том эх үүсвэр нь,”УНДААНЫХАА САВЫГ АЛТ БОЛГОХ” АЖЛЫН ХАМГИЙН ТОМ үндэс суурь болох учиртай юм.
Үүний тулд иргэн та, би, бид ундааныхаа савыг зөв хаяж сурах, тэр дадлыг л хэвшүүлэхэд болно.
Яг өнөөдрөөс эхлээрэй.

Сэтгүүлч Д.Отгонсүрэн





