УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа өчигдөр Орхон аймагт ажиллаж, Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн үйл ажиллагаатай танилцаж, эмч, эмнэлгийн ажилчидтай уулзжээ. Хүний нөөцийн хүртээмж, тогтвортой байдлыг хангах, эмчилгээ, оношилгооны үйлчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн ажилтнуудын ажлын байр, цалин хөлсийг нэмэгдүүлэх, эрх зүйн байдлыг дордуулахгүй байхыг эмч, эмнэлгийн ажилтнууд хэлж байв.
Мөн үйлдвэрийн ажилтан, ахмад настнуудын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог тасралтгүй үргэлжлүүлэх шаардлагатай байгааг уулзалтад оролцогчид илэрхийллээ. УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа иргэдийн тавьсан дээрх саналуудыг хүлээн авч, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, шуурхай зохион байгуулалт хийж ажиллахаа илэрхийлсэн юм.





