ӨМНӨГОВЬ АЙМАГ- ХҮРМЭН СУМ
Говийн бүсээс сонгогдсон гишүүд орон нутагт ажиллаж байна.
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын иргэдтэй уулзах уулзалт өчигдөр Хүрмэн сумын соёлын төвд эхэллээ. Хүрмэн сум нь аймгийн орон нутгийн тахилгатай уул болох Гурван сайхан уулын бэлд Улаанбаатар хотоос 612 км, аймгийн төвөөс 58 км зайтай оршдог.
Батмөнх даян хааны төрсөн нутаг гэдгээрээ алдартай энэ сумаас төр нийгмийн зүтгэлтэн, алдартан, гавъяатан, бизнесийн салбарын манлайлагчид олноор төрөн гарчээ.

Тус сумын иргэд уулзалтанд идэвхтэй оролцож УИХ- ын гишүүдийн ажлын тайланг сонсон санал, хүсэлтээ илэрхийлэн хариулт тодруулгыг авлаа.
Тус сумын иргэд дархан цаазат ан амьтан, олон төрлийн ховор ургамал, эмийн ургамалтай Борзонгийн говио унаган төрхөөр нь авч үлдэх, малчид нутаг орондоо мал аж ахуйгаа эрхлэн амьдрах нөхцөл улам хумигдсаар байгаа тухай тулгамдаж буй асуудлуудаа УИХ-ын гишүүдэд хандан илэрхийлж байлаа.

Хүрмэн сумын иргэд Цагаан дэл уулаар боомт нээх шийдвэрийг түтгэлзүүлж өгөхийг хүссэн албан хүсэлтээ УИХ-ын гишүүдэд гардуулан өглөө. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх хүсэлтэй байгаагаа давтан илэрхийлж байлаа.
Мөн малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Малчдын тухай хуулийн хэрэгжилтийн талаар, Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийн ялгавартай байдлыг арилгах талаар, Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа, Орон нутагт хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр хэрэгцээтэй байгаа зэрэг саналуудыг илэрхийлж байлаа.






