Нүүр хуудасМэдээХ.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү...

Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна

Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилготой “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрт энэ хичээлийн жилээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 189 мянга гаруй хүүхдийг долоо хоногт гурван удаа хамруулж байна. Ирэх жил нийслэлийн ЕБС-ийн 1-12 дугаар ангийн бүх сурагчийг хамруулахыг зорьж байгаа. Энэхүү “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаны хүмүүс “АПУ дэйри” ХХК-д ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Ирэх жил нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн бүх сурагч буюу 450 мянган хүүхдэд сүү өгөхийг зорьж байна. Дөрвөн улирлын туршид сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд Улаанбаатар хот орчимд үйл ажиллагаа явуулж буй сүүний фермерүүдэд сүүний үнээ худалдаж авахад зориулсан нэн хөнгөлөлттэй зээлийг олгохоор бэлтгэл ажил хангаж байна. Сүүний үйлдвэрүүдэд сүү нийлүүлдэг фермерүүдийн үйл ажиллагааг дэмжсэнээр нийлүүлэлт өснө. Мөн ирэх жилээс сүүний автоматуудыг сургууль дээр нь байршуулаад тогтсон цагаар сүүгээ гаргаж өгдөг зохион байгуулалтад орохыг зорьж байна” хэмээн онцоллоо.

“АПУ дэйри” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярмагнай ““АПУ дэйри” ХХК хотоос 300 км дотор зун 1800, өвөл 700 фермерээс жилдээ 22 сая литр сүү татан авч байна. Үйлдвэртээ дэлхийд тэргүүлэгч Европ стандартын Герман, Итали, Шведийн тоног төхөөрөмж ашигладаг. D витаминаар баяжуулсан “Сайн” сүүг 2022 оноос сурагчдад өгч байгаа. “Сайн” сүүг монгол хүүхдийн эрүүл мэндийг дэмжиж, шимт бодисын дутагдлаас сэргийлэх зорилгоор үнээний цэвэр сүүгээр хийдэг. Монгол Улсад бэлчээрийн мал аж ахуй голлодог учраас зундаа сүүний нийлүүлэлт сайн. Харин өвлийн улиралд нийлүүлэлт багасдаг. Тиймээс сүүний нийлүүлэлтийг тасралтгүй нэмэгдүүлэхийн тулд сүүний үнээ худалдаж авахад фермерүүдэд дэмжлэг үзүүлэх нь хамгийн зөв шийдэл юм. Бид мөн тараг, сүү хийх процессыг хүүхдүүд, хүмүүст нээлттэй үзүүлдэг үйлдвэр барьж байгаа. Сүү хөтөлбөртэй холбоотой таны санаачилгуудыг дэмжиж хамтарч ажиллана” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН