Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдааныг Дотоодын цэргийн 05 дугаар ангид зохион байгууллаа. Хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн нөхцөл байдал, энэ онд хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн юм.
Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдэж байгаа зонхилох гэмт хэргийн 86 хувийг хулгайлах, залилах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байгаа бол замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн тохиолдол нийт зөрчлийн хэргийн 73 хувийг эзэлж байна. Эдгээр гэмт хэргийг энэ онд 10 хүртэл хувь бууруулахыг зорьж ажиллахаар төлөвлөж буй.
Тухайлбал Эмээлт, 61-ийн гарам орчимд хурд хэтрүүлэх, замын тэмдэг тэмдэглэгээ зөрчих зөрчлүүд их байгаа цэгүүд дээр дундаж хурдны камер байршуулж хурд хэтрүүлсний улмаас үүсэх зам тээврийн осол, эндэгдлийг бууруулах юм.
Мөн гудамж талбайн хяналтын камерын тоог нэмэгдүүлэхээр нийслэл, дүүргийн хэмжээнд өргөн бүрэлдэхүүнтэйгээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хашаа байшин, орон сууц, автомашины хулгай камержуулалт хийгдсэнээр эрс буурах судалгаа гарчээ. Харин гудамж талбайд цугладаг, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулдаг, нийтийн эзэмшлийн талбайд архидан согтуурдаг хүмүүсийг тогтмол саатуулж шалган, эмчилгээнд хамруулж байгаа юм. Дээр нь гудамж талбайн эргүүлийн тоог нэмэгдүүлж дотоодын цэргийн алба хаагчдаар хүч нэмэгдүүлэн эргүүл, хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байгааг албаныхан танилцууллаа.
100.000 хүнд ногдох гэмт хэрэг, зөрчлийн тоо хэмжээгээрээ Сонгинохайрхан дүүрэг нийслэлийн 9 дүүргээс харьцангуй бага буюу сүүлийн байранд орж байгаа боловч шилжилт хөдөлгөөн, газар нутаг, талбайн хэмжээ, хот руу орох болон гарах урсгалын онцлог байдлаас шалтгаалсан дээр дурдсан гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлага байгааг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо онцоллоо.





