Өнөөдөр /2026.02.12/ Онцгой байдлын ерөнхий газар Монголын Дрон Нисгэгчдийн Холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж байгуулснаар гамшгаас хамгаалах, аврах, эрэн хайх, тандалт судалгааны үйл ажиллагаанд нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон)-ийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн мэргэшсэн алба хаагчийг бэлтгэх, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар гамшгаас хамгаалах үйл ажиллагааны үр нөлөө, чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллах юм.

Тодруулбал нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ашиглах чиглэлээр Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг сургаж бэлтгэх, мэргэжлийн техник хэрэгсэл, засвар үйлчилгээ, техникийн оношилгоо, ашиглалтын зөвлөмжөөр хангах, гамшиг, ослын үед агаарын тандалт хийх зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулах юм.
Ташрамд дурдахад, Монголын Дрон Нисгэгчдийн Холбоо нь 2016 онд байгуулагдсан, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн чиглэлээр мэргэжлийн сургалт, зөвлөх үйлчилгээ, техник нийлүүлэлт, засвар үйлчилгээ эрхэлдэг төрийн бус байгууллага юм.





