Нүүр хуудасМэдээУИХ: "Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт"-ыг хууль зүйн салбарын судлаачид болон мэргэшсэн, туршлагатай...

УИХ: “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-ыг хууль зүйн салбарын судлаачид болон мэргэшсэн, туршлагатай хуульчид удирдан явуулж байна

“Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт” 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гурав дахь өдрөө үргэлжиллээ. Сургалтад Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бүх яамд болон Улсын Их Хурлын харьяа байгууллагууд зэрэг 30 гаруй байгууллагын 60 орчим албан хаагч хамрагдлаа.

Энэхүү сургалтыг хууль зүйн салбарын тэргүүлэх эрдэмтэн, судлаачид, туршлагатай хуульч, шүүгч нар удирдан явуулдаг онцлогтой. Энэ нь хуулийн төсөл боловсруулах онол, арга зүй, практикийг уялдуулан судлах, оролцогчид хуулийн төсөл боловсруулахад тулгамддаг асуудлаа нээлттэй хэлэлцэн, мэдлэг, ур чадвараа гүнзгийрүүлэх боломж бүрдүүлдэг байна.

Тухайлбал, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор Л.Өлзийсайхан “Үндсэн эрхийн хязгаарлалт: Тохирсон байх зарчим”, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш М.Мөнхбат “Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Б.Буянхишиг “Хууль тогтоомжийг системчлэх техник” сэдвээр хичээл заав.

Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Б.Батбаяр “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал”, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч (LL.M) Т.Мөнх-Эрдэнэ “Хууль зүйн нэр томьёо, түүнийг хэрэглэх нь”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Баяр “Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал” сэдвээр сургалт явуулж, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээсээ хуваалцлаа.

Үүнээс гадна, хуулийн төсөл боловсруулах ажиллагаанд мэргэшсэн Улсын Их Хурлын Тамгын газрын туршлагатай хуульч, судлаачид сургалтад идэвхтэй оролцож, практикийн хичээлүүдийг удирдан явууллаа. Үүнд: Хуралдаан зохион байгуулах газрын дарга (LL.M) Г.Агар-Эрдэнэ “Хүний эрхийн олон улсын гэрээг хуулийн практикт хэрэглэх нь”, Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үнэлгээний газрын дарга (LL.M) Ж.Сайнхишиг “Хууль зүйн техник, конструкц, найруулга”, Хуулийн газрын дарга Х.Сүрэнхорол, Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх Н.Мөнхзэсэм, хуульч, судлаач С.Доржханд нар “Хуулийн төслийг процессжуулан бичих арга зүй”, мөн тус хэлтсийн ахлах зөвлөх Б.Батчимэг “Хууль тогтоомжийн сан бүрдүүлэх нь” сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.

Ийнхүү сургалтын эхний гурван өдөр хуулийн төсөл боловсруулах онол, арга зүй, техник, системчлэл, үнэлгээ, хүний эрхийн олон улсын стандарт, үндсэн эрхийн хязгаарлахад тохирсон байх зарчмыг хэрэглэх зэрэг өргөн хүрээний агуулгыг хамран, үр дүнтэй зохион байгуулагдлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН