Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт захиалагчийн хяналт хэрэгжүүлэх эрх шилжсэн 130 төсөл арга хэмжээний явц болон Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн нэгдсэн хяналт, удирдлагын цогц системийн талаар хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг удирдан явуулж, сар шинийн баярын өдрүүдэд хэрхэн ажиллах чиглэлээр зарим үүрэг даалгаврыг өглөө. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 24 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 81.3 хувьтай байв.
Сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 17-23-ныг дуустал инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллагын удирдах албан тушаалтан “Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв”-д жижүүрлэн ажиллана. Мөн Улаанбаатар хотод хөдөлгөөний ачаалал ихээр үүсдэг 60 байршлын зогсоолыг олон нийтэд нээлттэй ажиллуулах юм.

Шуурхайн зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн ажлуудыг цахим системд холбож байгаа талаар УБЗАА-ны Мэдээлэл, технологи, төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Хишигбадрах танилцууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн нэгдсэн хяналт, удирдлагын цогц систем “UB engineering” төслийг 4 үе шаттай хэрэгжүүлж байна. Системийн интеграцийн ажлын хүрээнд 11 байгууллагаас 10 байгууллагатай уулзалт зохион байгуулж, зөвшилцсөн, дата холболтын ажлууд үргэлжилж байна. Тус системээр нийслэлийн хэмжээнд хэрэгжих хөрөнгө оруулалт, тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд, инженер хангамжийн байгууллагууд болон хот нийтийн аж ахуйн өдөр тутмын үйл ажиллагаанд мэдээлэл технологийн шинэ шийдлийг нэвтрүүлэх юм. Ингэснээр тухайн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо сайжрах, цахим системд холбогдох, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавих боломжтой” хэмээлээ.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт захиалагчийн хяналт хэрэгжүүлэх эрх шилжсэн 130 төсөл арга хэмжээний явцын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат танилцууллаа. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт 2026 онд захиалагчийн хяналт хэрэгжүүлэхээр эрх шилжсэн 130 төсөл арга хэмжээнээс 92 төсөл, арга хэмжээг тендер зарлуулахаар эрх шилжсэн байгууллагад хүргүүлсэн гэв.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай сар шинийн баярын өдрүүдэд хэрхэн ажиллах чиглэлээр зарим үүрэг даалгаврыг өглөө.
- Гал түймэр, ахуйн болон цаг агаарын гаралтай ослоос урьдчилан сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах, гэр хороолол, эрсдэл өндөр бүсүүдэд гал түймрийн тандалт, эргүүл, хяналтыг нэмэгдүүлж, анхааруулга, сэрэмжлүүлгийг иргэдэд тогтмол хүргэх,
- Дүүргийн эмнэлгүүдийг нэмэлт эмч, түргэн тусламжийн автомашинаар хангаж, хоол хүнсний хордлого, архи согтууруулах ундаатай холбоотой эрсдэлээс сэргийлэх,
- Нийслэлийн хэмжээнд гэр, орон сууцны хулгай, дээрмээс урьдчилан сэргийлэх эргүүл, хяналтыг нэмэгдүүлэх, олон нийтийн газарт эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх,
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэх,
- Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх,
- Инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангаж, аваарын бригад, 24 цагийн бэлэн байдалд ажиллуулахыг үүрэг болгов.








