Нүүр хуудасМэдээЛ.Өлзийжаргал: Шүүгч бидний хувьд “Төрийн мэдээлэл” эмхэтгэл ширээний ном, чухал эх сурвалж...

Л.Өлзийжаргал: Шүүгч бидний хувьд “Төрийн мэдээлэл” эмхэтгэл ширээний ном, чухал эх сурвалж болдог

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг шүүхийн практикт өдөр тутам хэрэглэдэг соёл хэдийнэ тогтсон тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүн Лхагвасүрэнгийн Өлзийжаргал ярилцлагынхаа үеэр дурсаж байлаа.

– Улсын Их Хурлын Тамгын газраас “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг 35 дахь жилдээ эрхлэн хэвлүүлж байна. Шүүгчид үүнийг хэрхэн хэрэглэж хэвшсэн талаар, жишээ нь таны ажил, үүрэгт ямархуу ач холбогдолтой гэж боддог вэ?

– Өндөр ач холбогдолтой гэж үздэг. Учир нь энэ эмхэтгэл бол шүүгч бидний хувьд өдөр тутмын хэрэглээ, ширээний ном гэж хэлж болохуйц чухал эх сурвалжуудын нэг юм. “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3-д заасан байдаг. Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэн хууль тогтоомж, олон улсын гэрээг хэрэглэдэг. Тухайн хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол уг шийдвэр “Төрийн мэдээлэл”-д албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа тухайн хууль хүчин төгөлдөр болдог.

– Тэгвэл танай шүүгчид бүгд захиалдаг гэсэн үг үү?

– Тийм ээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 506 шүүгч ажиллаж байна. Бид бүгдээрээ “Төрийн мэдээлэл”-ийг хэрэглэж байгаа. Анх эл эмхэтгэл цаасан хэлбэрээр хэвлэгдэхэд, тэнд нийтэлсэн бүх шийдвэрийг зүйл, заалт бүрээр нь хайчилж аваад хууль тус бүр дээр орсон өөрчлөлтүүдийг нааж хэрэглэх зэргээр ихээхэн ач холбогдол өгч ирсэн. Тэр цаг хугацаа аль хэдийнэ ард үлджээ. Одоо харин техник, технологийн дэвшлийг дагаад “Төрийн мэдээлэл” эмхэтгэл цахимаар гарах болсон нь зөвхөн шүүгч, албан хаагчдын ажлыг хөнгөвчлөөд зогсохгүй, иргэд, олон нийт хүссэн цагтаа мэдээ, мэдээллийг чөлөөтэй авах, нээлттэй, түргэн шуурхай боломж, нөхцлийг бүрдүүлжээ.  

– Шүүхээс бас мэдээлэл нийтлүүлэх хуультай. Энэ хуулийн хэрэгжилт хэр байдаг вэ?

– Монгол Улсын Шүүхийн тухай хуульд “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар гаргасан албан ёсны тайлбар, Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад ач холбогдолтой гэж үзсэн шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлнэ.” гэж заасныг үндэслэн зохих шийдвэрүүд нийтлэгдсээр ирсэн. Хэрэгжилт хангалттай хэмжээнд байгаа гэж хэлж болно.

– Та шүүгч хүний хувьд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг шүүх хуралдаандаа, ялангуяа шийдвэр гаргах үедээ хэрэглэж байсан тохиолдлоосоо дурсах боломжтой юу?

– Зөндөө дурсамжууд бий. Жишээ нь нэг удаа “Төрийн мэдээлэл”-д хэвлэгдээд, яг л хүчин төгөлдөр болсных нь маргааш тухайн хуулийн практикт хэрэглэж байлаа. Энэ мэт сонин, содон, гэгээн, бас албан ёсны эмхэтгэлийг эрхлэн гаргадаг Улсын Их Хурлын Тамгын газрынхандаа, нийт уншигчдад Монгол Улсад төрийн албан ёсны баримт бичиг цаасан дээр хэвлэгдэж эхэлсний 100 жил, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ойн мэндийг хүргэе ээ.

– Цаг, зав гаргаж ярилцсан танд баярлалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН