Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдаж, есөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хот 2027 онд дотоодын үнэт цаас гаргаж, шаардлагатай томоохон төслүүдийг санхүүжүүлэх тухай асуудлыг онцлон хэлэлцэв. Уг саналыг НИТХ-ын ээлжит VII хуралдаанд хэлэлцүүлэхээр дэмжлээ. Өрийн удирдлагын тухай хууль болон холбогдох бодлогын баримт бичгийн хүрээнд нийслэл 2027 онд нийт 300 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаас гаргаж санхүүжилт босгохоор төлөвлөснийг НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах танилцууллаа.

Ингэхдээ Дулааны V цахилгаан станц болон Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар тусгасан байна.
Тодруулбал, Дулааны V цахилгаан станцын төсөлд нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнийг үнэт цаас гаргах замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн бол Улаанбаатар трамвай төсөлд 50 тэрбум төгрөгийг мөн энэ эх үүсвэрээр бүрдүүлэхээр тооцоолжээ.
Дулааны V цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа сайжирч, 100 мянга орчим айл өрхийг цахилгаан, 40 мянган айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдэхээс гадна агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх юм. Мөн барилгын үе шатанд 1600 орчим ажлын байр, ашиглалтад орсны дараа 300 гаруй байнгын ажлын байр бий болох тооцоо гарсан байна.
Харин Улаанбаатар трамвай төслийн хүрээнд нийтийн тээврийн хүртээмж, хүчин чадлыг нэмэгдүүлж, зорчих хугацааг 90-100 минутаас 29-37 минут болгон бууруулах, жилд 35-73 мянган тонн нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулах зэрэг нийгэм, байгаль орчинд эерэг үр нөлөө үзүүлэхээр тооцоолжээ.
Мөн уг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн DBFOT загвараар хэрэгжүүлж, барилга угсралтыг 3 жилд, ашиглалтыг 27 жилийн хугацаанд явуулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр төрийн зээлийн дарамтыг нэмэгдүүлэхгүйгээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, менежментийг ашиглах боломж бүрдэх юм .
Түүнчлэн нийслэлийн өрийн удирдлагын хүрээнд өмнө гаргасан гадаад үнэт цаасны эргэн төлөлтийг үе шаттайгаар зохицуулах, 2027 онд төлөх дүнгийн тодорхой хэсгийг хойшлуулах саналыг холбогдох яаманд хүргүүлсэн талаар танилцуулгад дурдлаа. Ийнхүү эдийн засаг, дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд чиглэсэн дээрх асуудлыг НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар эцэслэн хэлэлцэж, шийдвэрлэх юм.





