Дэлхий дахинд өөрийн жишгээ хэдийнээ тогтоосон кофе үйлдвэрлэгч байгууллага бол яахын аргагүй “Старбакс”. Олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг ч франчайз эрхийг нь авна гэдэг тийм ч амар хэрэг биш.
Тэгвэл Монгол улсад энэ жил франчайз эрхийг нь авсан 10 байгууллага байгаа бөгөөд түүний нэг нь “Elite” мото клуб юм. Мото сонирхогчдодоо зориулан мото клуб, мото засварын газрынхаа хажууд “Cafe capsule” кофе шофоо нээжээ. Тэгвэл Манд.мн сайт “Cafe capsule”, “Elite” мото клубийн ажилтан Ө.Баярбилигтэй ярилцлаа.
“Старбакс” гэх тодотголтой кофе шоп хэзээ нээгдсэн бэ? Хажуудаа мото клубтай нь олны анхаарлыг татах болов уу?
“Cafe capsule” кофе шоп нээгдээд 3 хоног болж байна. Старбакс кофе шопын франчайз эрхийг авсан 10 байгууллагын нэг нь манай Elite мото клуб. Франчайз эрхийг Монголд байгаа төв салбартай нь холбогдож авсан. Манайх мотоцикл сонирхдог залуус чөлөөт цагаараа, мотоциклээ засварт өгсөн үедээ хүлээж байхдаа үйлчлүүлэх боломжтой мөн хэн бүхэнд нээлттэй.
“Старбакс” нэг л амтаараа дэлхийд танигдсан, тэр амт, чанарыг бүрэн гаргаж чадаж байгаа юу?
“Старбакс” кофены өөрийнх нь гол онцлог нь кафе капсул юм. Энэ нь юу вэ? гэвэл цаанаасаа стандартын дагуу капсултай кофе бэлдэж өгдөг. Энэ нь кофены амт, үнэр, чанарын хувьд ямар ч ялгаагүй кофег найруулж гаргаж байгаа гэсэн үг. Хэзээ ч амт нь өөрчлөгдөхгүй, баристагийн оролцоо бага, 30 секундын дотор кофе найрагдах учраас хурдан үйлчилгээ үзүүлэх боломжийг хангаж өгдөг. Үйлчилгээний хувьд “Старбакс”-аас гаргаж өгсөн албан ёсны цэсэнд тулгуурлаж иргэдэд үйлчилж байна.
“Elite” мото клубийн талаар яривал? Хэзээнээс үйл ажиллагаа нь эхэлсэн мөн үүсэл түүхээс нь яривал?
“Elite” мото клуб тогтвортой үйл ажиллагаа явуулаад 5 жил болж байна. Монголдоо томоохон клубт тооцогдоно. Анх мото хэрэгсэл зардаг дэлгүүрээс эхлээд бүх төрлийн мотоциклын үйлчилгээ үзүүлдэг клуб болтлоо хөгжсөн. Засвар үйлчилгээ үзүүлдэг ажилчдын хувьд 10-уулаа, клубийн гишүүдийн хувьд 58 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Клубийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулдаг уу?
Гишүүдээ идэвхжүүлэх зорилгоор тэмцээн уралдаануудыг зохион байгуулдаг. Ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулагдахад гишүүдээс оролцдог. Энэ жилийн “Elite motoGP” уралдааныг манай клуб албан ёсоор зохион байгуулна. Үүнд бүх төрлийн мотоцикл сонирхдог, өөр клубийн гишүүд ч оролцох боломжтой. Энэ сарын зургаанд СХД-ийн 22-ын товчоонд болно.
Анх удаа мотоцикл унах гэж байгаа хүмүүст хандаж зөвлөгөө өгвөл юу гэж зөвлөх вэ?
Мотоцикл сонгож авахдаа сайн оношлуулаад хувь хүнээс худалдан авалт хийхээс илүүтэй мото клубээс худалдан авалт хийвэл илүү баталгаатай байна. Манай клуб 3 сарын баталгаа өгдөг бөгөөд бүх төрлийн засвар үйлчилгээг хүргэж ажилладаг. Манайх Сансрын тойргийн чанх хойно, Авто ундрал сервисийн ард байрладаг.
Ярилцсанд баярлалаа