Бразил улсын Белем хотноо үргэлжилж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурал (COP30)-д Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар оролцож байна. Сайд COP30-ын хүрээнд Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) бэлтгэл ажлыг урагшлуулах чиглэлээр олон улсын түншүүдтэй уулзалт, хэлэлцээр хийхэд онцгой анхаарал хандуулж байна.
Өнгөрсөн 2024 онд Саудын Араб COP16-ыг амжилттай зохион байгуулсан бөгөөд COP30-ын үеэр Сайд Б.Батбаатар тус улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн дэд сайд Осаматай уулзаж, COP17-ын зохион байгуулалт, санхүүжилтын талаар санал солилцов.
Талууд COP16-оос эхэлсэн уур амьсгал, биологийн олон янз байдал, газрын доройтол гэсэн гурван чиглэлийн уялдаа холбоог COP17 дээр үргэлжлүүлэх, мөн Монгол Улсын санаачилгыг олон улсын түвшинд тогтвортой дэмжихээр тохиролцов.





