Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв, Монолит продакшны хамтарсан “Deaf Nomads” буюу “Сонсголын бэрхшээлтэй нүүдэлчин” баримтат киноны Монгол дахь нээлт өчигдөр /2025.03.21/ Тусгаар тогтнолын ордны Их танхимд боллоо.

Энэ үеэр залуу уран бүтээлч О.Болорсувдын дуранд буусан Монголын хөдөө нутагт амьдардаг сонсголын бэрхшээлтэй малчдын ахуй байдлаас сэдэвлэсэн гэрэл зургийн үзэсгэлэнг гаргажээ.

Үзэсгэлэнд нийт 86 бүтээлийг дэлгэсэн бөгөөд “Deaf Nomads” баримтат киноны гол дүрүүд болох сонсголын бэрхшээлтэй гэр бүлийнхний үүр цайхаас эхлэн үдэш болтол жилийн дөрвөн улиралд үргэлжилдэг энгийн бодит амьдралаас буусан гэрэл зургууд аж.

Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв, Монолит продакшн хамтран “Deaf Nomads” буюу “Сонсголын бэрхшээлтэй нүүдэлчин” баримтат киног Тайланд улсын Бангкок хотноо энэ оны хоёрдугаар сарын 26-нд зохион байгуулсан “Ази, Номхон далайн улс орнуудын тогтвортой хөгжлийн зорилтын форум 2025”-ын үеэр нээсэн бөгөөд Монголд нээж буй нь энэ юм. Цаашид Италийн Ром, Японы Токио зэрэг хотод нээхээр төлөвлөж байгаа аж.

Баримтат киноны гол дүрд Өвөрхангай аймгийн малчин Б.Шижирийн гэр бүл, Дорнод аймгийн малчин Э.Хуягбаатарын гэр бүл, Хэнтий аймгийн малчин Г.Алдарбаатарын гэр бүл оролцсон байна.

Киноны нээлтэд УИХ-ын гишүүд, гадаадаас Монголд суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчдийн газар, олон улсын байгууллагуудын зочид, кинонд хамтран ажилласан уран бүтээлчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл зэрэг олон хүн оролцож, зургийн үзэсгэлэнг сонирхлоо.

Киноны нээлтийн үеэр СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва хэлэхдээ “Малчны хотонд төлийн дуу цангинасан, хаврын сайхан өдөр баримтат киногоо Монголд нээж байгаадаа баяртай байна. Бид энэ киногоороо үндсэн гурван сэдвийг хөндөхийг зорьсон. Монгол хүний дархлаа болсон бидний нүүдэлчин соёл, хоёрдугаарт хөгжлийн бэрхшээлтэй малчин иргэдэд тулгамдаж буй зүйл, гуравдахь нь дэлхий нийтийг хамарч буй уур амьсгалын өөрчлөлт манай нүүдэлчин малчдад хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг хөндөхийг зорьсон. Энэхүү кино, үзэсгэлэнг нээгээд зогсохгүй цаашид харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд төрийн мэдээлэл, үйлчилгээг хүргэдэг тусгай суваг үүсгэхийн төлөө Засгийн газартай хамтарч ажиллаж байна. Нийгмийн халамж хүлээгээд зүгээр суудаг биш хөдөлмөрлөж, зүтгэж чаддаг ажилсаг хичээнгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих төслийг бид эхлүүлж байгааг дуулгахад таатай байна” гэв.

“Deaf Nomads” баримтат киноны хөгжмийн зохиолчоор Ч.Цогбилэг, ерөнхий найруулагчаар Б.Итгэл, продюсерээр Ж.Дуламсүрэн, мөн зохион байгуулагчид, хөтөч, дохионы хэлний хэлмэрч зэрэг олон хүн хоёр жилийн хугацаанд хамтран ажилласан байна.

Энэхүү баримтат киногоор дамжуулан сонсголгүй гэр бүлийн төлөөлөл, тэдний амьдрал, тулгамддаг асуудал, нийгмийн үйлчилгээг авахад юу саад болж байна вэ, цаашид юу хийх хэрэгтэй вэ гэдгийг хөндөн харуулахыг зорьжээ.


