“Gazprom” компани цэвэр ашгийнхаа бараг тал хувийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэв.
ОХУ-ын байгалийн хийн салбарт тэргүүлэгч “Gazprom” компани 2022 оны эхний хагас жилийн ногдол ашигт 20.8 тэрбум ам.доллар хуваарилахаар шийдвэрлэлээ.
Энэ нь тус компанийн хувьд төдийгүй ОХУ-ын Хөрөнгийн биржийн түүхэнд хувьцаат компани анх удаа ийм өндөр дүнтэй ногдол ашиг хуваарилсан тохиолдол болж байна.
Тус компанийн хувьцаа эзэмшигчид есдүгээр сарын 30-нд хуралдаж, нэг хувьцаанд 51.03 рубль буюу 0.9 ам.доллар олгохоор болжээ. ОХУ Украинд цэргээ оруулсны дараа Европт энэ онд байгалийн хийн үнэ гурав дахин өсөөд байгаа юм. Гол зах зээлүүдэд “Gazprom”-ийн экспорт буурсан ч үнийн өсөлт биет хэмжээний бууралтыг нөхсөн байна.
Хориг арга хэмжээ, гадаад орчны таагүй нөхцөлд байсан ч тус компанийн орлого болон цэвэр ашиг түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Оны эхний хагас жилд “Gazprom” компани 39.5 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан байна. Өөрөөр хэлбэл цэвэр ашгийнхаа бараг тал хувийг ногдол ашигт тарааж байгаа аж.
Үүнээс гадна “Gazprom” компани Италид байгалийн хийн нийлүүлэхээ зогсоосноор Европын эрчим хүчний хямрал улам гүнзгийрч байна.
Тус компани Австри улсын зохицуулалттай холбоотой зөрчил гарсан учир нийлүүлэлтээ зогсоосон гэж тайлбарлажээ.
Итали улс Австрийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг хийн хоолойгоор “Gazprom”-оос байгалийн хий нийлүүлдэг. Есдүгээр сард шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш Австрийн талаас тээвэрлэлтийн өөр хувилбар батлаагүй учир Италид байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоосон гэж мэдэгдсэн юм.
Харин Австри улсын Эрчим хүчний сайд тус компанийг “Техникийн дүрмийн өөрчлөлтийг тусгасан гэрээнд гарын үсэг зураагүй” гэж буруутгаж байгаа аж.