Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас өсвөр үеийн залуус мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой “Шинэ Түүх – New Story” хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дөрөвдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн хүүхэд, залууст лекц, уулзалт зохион байгуулсан. Мэргэжил сонголт болоод залуучуудын хөгжлийн зөвлөлийг чадавхуулах сургалтад нийт 3000 гаруй хүүхэд, залуус оролцжээ.

Уулзалтын үеэр залуучууд нэгдэн аймаг, орон нутгийнхаа онцлогт тохируулан ямар ажил хөдөлмөр эрхэлж, хөгжилд хөтлөх боломжийн талаар ярилцсан. Орон нутгийн бизнесийн салбар бүрт ажиллаж буй залуучууд хоорондоо өрсөлдөж биш нэгдэж, орон нутагтаа томоохон үйл ажиллагаа зохион байгуулахаар болсон байна. Мөн мэргэжил сонголтын лекц дууссаны дараа ахлах ангийн сурагчид ганцаарчилсан зөвлөгөөг Мэргэшсэн зөвлөхүүдийн тэргүүн Ш.Сосорбарамаас авч байлаа гэж Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
