OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг гарцаа өдрийн дүнгээр нэг сая баррелиар бууруулах төлөвтэй байна.
Сүүлийн үед газрын тосны үнэ унаж байгаатай холбоотойгоор OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг 2020 оны гуравдугаар сараас хойш анх удаа биечилсэн уулзалт хийхээр төлөвлөжээ.
Саудын Араб, ОХУ-ын тэргүүлдэг тус бүлэг лхагва гарагт буюу энэ сарын тавны өдөр Вена хотод уулзалдахаар товлосныг мэдээлсэн байна. Үүнээс өмнө OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг сар болгон цахимаар уулзаж байсан бөгөөд он дуусах хүртэл биечилсэн уулзалт зохион байгуулах төлөвлөгөөгүй байсан аж.
Үнийн уналтыг зогсоохын тулд энэхүү уулзалтаар үйлдвэрлэлийн гарцаа өдрийн дүнгээр нэг сая хүртэл баррелиар бууруулж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
Хоёрдугаар сард ОХУ Украинд халдан довтолсны дараа брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 125 ам.доллар давж өсөж байв. Харин түүнээс хойш Төв банкнууд инфляцын түвшнийг бууруулахаар мөнгөний бодлогоо эрчимтэй чангаруулж, АНУ болон БНХАУ-ын эдийн засаг удааширснаас шалтгаалан газрын тосны үнэ баррель нь 85 ам.доллар болж буураад байна.
“JPMorgan Сhase” зэрэг хөрөнгө оруулалтын томоохон банкнууд үнийг тогтворжуулахын тулд OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг гарцаа хамгийн багадаа 500 мянган баррелиар бууруулах хэрэгтэй гэж үзжээ. Харин “RBC Capital Markets”-ийн Түүхий эдийн ахлах шинжээч Хелима Крофт OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг дээрх дүнгээс даруй хоёр дахин их хэмжээгээр гарцаа бууруулна гэж тооцоолжээ. “Багахан өөрчлөлт хийхийн тулд тэд биечлэн уулзалт хийхгүй байх гэж бодож байна” хэмээн тэрбээр өгүүлсэн байна.
Гарцыг бууруулж магадгүй гэсэн мэдээлэл гарсны дараа WTI төрлийн газрын тосны үнэ сүүлийн гурван хоногт анх удаа гурван хувь давж өслөө.