АНУ-ын алдарт дуучин, дуу зохиогч, жүжигчин, продюсер Selena Gomez тун удахгүй өөрийн гоо сайхны брэндээ олон нийтэд танилцуулах гэж буйгаа энэ сарын 4-нд албан ёсны инстаграмм хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. 10 настайгаасаа хойш өдийг хүртэл урлагийн салбарт тасралтгүй зүтгэж байгаа тэрээр өөрийгөө цоо шинэ салбарт сорих гэж байгаа аж. Тэрээр “Rare Beauty” хэмээх гоо сайхны брэндийн нээлтийн талаарх мэдээллийг дараах тайлбартайгаар хүргэсэн байна.
Үүнд: “Залуус аа, миний бие өөрийн гэсэн гоо сайхны брэндийг байгуулах хүндтэй төсөл дээр ажиллаад хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Ингээд эцэст нь энэ зун “Rare Beauty” хэмээх гоо сайхны брэндээ “Sephora”-гийн Хойд Америк дахь салбаруудад нээхээ албан ёсоор мэдэгдэх гэж байгаадаа туйлын их баяртай байна. Брэндийн албан ёсны Инстаграм хуудас болох @rarebeauty-г дагаж бидэнтэй нэгдээрэй” гэж хэлсэн байна.