Ажил хийе гэсэн халуун зоригоор нэг өдөр ч зүгээр суулгүй 1.6 жилийг үдлээ. Миний хувьд албан тасалгаанд суугаад ард иргэдийн амьдралыг шийдэх бус иргэд дундаа орж зовлон жаргалыг мэдэрч, оновчтой шийдэл гаргахыг хичээж ажиллав. Нийслэлийн иргэдийн төлөөллийн байгууллага өнгөрсөн хугацаанд 16 удаа хуралдаж, 221 тогтоол баталсан байна. Энэ тоо нь Нийслэлийн Засаг даргын бодлого, үйл ажиллагааг нэг өдөр ч гацаалгүй урагшлуулж байсны илрэл билээ.
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГЫН ХУВЬД ИРГЭД ДУНДАА ОРЖ АЖИЛЛАВ
Миний бие Түгжрэлийг бууруулах богино, дунд хугацааны ажлыг эрчимжүүлж, холбогдох байгууллагуудыг бодлогоор нэгтгэн зангидаж олон үр дүнгүүд гаргав. Нийтийн тээврийн 1-р эгнээг үе шаттай чөлөөлж автобусны дундаж хурд 7км\цаг байсан бол 12км\цаг болж, автобусаар үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдэв 40 хувиар нэмэгдлээ. 17 байршилд уулзваруудыг байнгын баруун эргэдэг болгох зохицуулалтыг хийснээр уулзваруудын нэвтрүүлэх чадвар 30 хувиар сайжирсан байна. Сурроны асуудлыг нэг мөр цэгцлэн, хяналт, илрүүлэлтийг сайжруулж, сурронгүй сургууль аяныг өрнүүлж олон арван хүүхдийг болзошгүй осол аваараас бодитоор хамгаалж чадлаа. Шинэ авто замын трассуудыг хөдөлгөөний урсгалд үзүүлэх үр нөлөөгөөр судалж, зөв эрэмбэд орууллаа. Энэ хүрээнд 2025 онд Нарын гүүрийн буцах эргэлтийг шийдвэрлэж, хөдөлгөөний урсгалыг сайжруулсан бол 2026 онд Гурвалжингийн гүүрний доогуурх буцах эргэлт, Ар Зайсангийн авто зам зэрэг төслүүдийн барилгын ажлыг эхлүүлээд байна.
Эмх цэгцгүй скүүтер, мопедыг дэгэнд оруулж иргэдийнхээ явган зорчих эрхийг хамгаалахын тулд шат дараатай олон ажлыг хийлээ. Энд тэнд хөглөрч орхидгийг болиулж тодорхой зогсоолын цэгүүдийг бий болгов. Түрээслэгч аж ахуйн нэгжүүдийг шахан Имонголиа системтэй холбуулж 16 наснаас доош настай хүүхэд унах боломжийг хязгаарлаж чадсан. Харин цаашид явган дугуйн замыг зөв төлөвлөж үе шаттай нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах, иргэдийн ухамсрыг дээшлүүлж энэ төрлийн тээврийн хэрэгслийг унах соёлд сургах, нөлөөллийн ажлуудыг хийх хэрэгтэй. Асуудлыг нэг мөр углуургаар нь шийдье гэвэл Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатай.
НИЙСЛЭЛД ГАРЧ БУЙ ГЭМТ ХЭРЭГ БОДИТООР БУУРЧ ЭХЛЭВ
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд бид асуудлыг араас хөөцөлдөх бус, шалтгаан руу чиглэсэн бодлогын өөрчлөлтийг хийлээ. Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн төлөвлөгөө, тайланг анх удаа олон нийтэд нээлттэй хийж, үр дүнгээ хэлэлцдэг жишиг тогтоов. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд дээр биечлэн очиж тулгамдсан асуудлуудыг сонсож, зөв шийдлүүдийг хамтдаа гаргав. 2025 оныг авлигын эсрэг жил болгон зарлаж авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэрэг, гомдлыг 30 хүртэл хувиар бууруулж чадсан бол 2026 оны эхний 3 сарын байдлаар хулгайн гэмт хэргийг 32 хувиар буурууллаа. Энэ оны төлөвлөгөөнд бид залилан, хар тамхи болон хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргийг бууруулах бодлогыг түлхүү тусгасан болно. Мөн 9 дүүргийг бүрэн камержуулж, аж ахуй нэгжүүдийн гадна талбайн камеруудыг холбох ажлууд хийгдэж байна.
Бид өнгөрсөн хугацаанд соён гэгээрлийн ажлыг аян төдий бус бодитоор хийж эхэлсэн. “Монгол хүн” хөтөлбөрийг нийслэл даяар хэрэгжүүлэв. Энэ хүрээнд “Төрийн далбаа мандуулах” хөтөлбөрийг нийслэлийн бүх сургууль хэрэгжүүлж байна. “Эх оронч сурагч” хөтөлбөрийг Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран хийж байна. Өрөвч нинжин, зүрх сэтгэлийн боловсрол олгох “Empathy education” хөтөлбөрийн 2-р ээлж амжилттай явж байна. Хотын бодлогод оюутнууд залуус оролцох боломжийг олгож “UB Debate” мэтгэлцээн, дэвжээ зэрэг олон арван хөтөлбөрийг санаачиллаа.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫГ НЭГДСЭН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВТЭЙ БОЛГОЛОО
НИТХ-ын дарга Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийг тэргүүлдэг билээ. Энэ үүднээс Нийслэлийн гамшиг ослын гаралтыг бууруулж, яаралтай дуудлагад очих цагийг багасгахын тулд технологийн дэвшлийг ашиглаж Нэгдсэн шуурхай удирдлагын төвийн санхүүжилтийг шийдэж байгууллаа. Одоогийн байдлаар тус нэгдсэн удирдлагын төвийг тохижуулалт хийгдэж дууссан бөгөөд Нийслэл хотын өндөрлөг 16 цэг дээр камер байршуулахаар бэлтгэж ажлыг хангаж байна. Энэхүү төв ашиглалтад орсноор иргэд галын дуудлага өгөхөөс урьтаж ухаалаг камерын системийн тусламжтайгаар илрүүлж, дуудлага гарах юм. Улмаар аливаа дуудлагад гарах хугацааг 8-12 минут болж багасна. Мөн онцгой байдлын аврагчдыг бүрэн энгэрийн камержуулж аюулгүй байдлыг ханган ажиллах нөхцөлийг бүрдүүллээ.
МЕГА ТӨСЛИЙГ ДЭМЖИНЭ, МЕГА ХУЛГАЙГ ДЭМЖИХГҮЙ
Намын бодлого, даалгавраар журмын нөхөр Д.Ихбаярт НИТХ-ын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдэж байна. Найздаа цаашдынх нь ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе. Хулгайч гэж хулгай хийсэн хүнийг хэлэх болохоос ажлаа шударгаар хийж байгаа хүмүүсийг хэлээгүй. Цаашид эрхэм журмын нөхөдтэйгөө олон ажлыг хамтран хийж, найзалж нөхөрлөн, Монгол улсын иргэдийнхээ төлөө ажиллана.
Энэ хугацаанд хоёргүй сэтгэлээр хамтарч ажилласан бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Нийслэлд бүтээн байгуулалт, мега төслүүд хэрэгтэй ч мега хулгай хийж ард иргэдээ тонож болохгүй. Миний хувьд цаашид төлөөлөгчийн хувиар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсээр байх болно.





