2025 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр Баян-Өлгий аймаг Алтай таван Богдын Сонгинотын даваагаас гараагаа эхлүүлсэн “Таван цэг” багийнхан 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Дорнод аймгийн алдарт Мэнэнгийн талд гүйж явна. Энэ өдөр Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин ахлах ахлагч Э.Даваажамц тал хээр бүсийг “ашиглан” 100 км зайд гүйж, хувийн дээд (албан бус) амжилтаа тогтоосон байна. Тэрээр 100 км зайг 11 цаг 21 минутанд гүйж туулсан байна. Энэ тухай өгүүлэхдээ “Өнөөдөр Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа. Түүхт ойтой холбогдуулан 100 км зайг туулсан нь Агаарын цэргийнхэндээ хувийн зүгээсээ барьж байгаа бэлэг. Нэгэн зууныхаа түүхийг бичсэн Агаарын цэргийн бүрэлдэхүүндээ баярын мэнд хүргэе” гэв. Тэрээр мөн хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын хэт холын зайн рекордыг эвдсэн билээ.