Өнгөрсөн амралтын өдрүүд /2022.08.27-28/-д Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 619 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 411 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж бэртсэний 9 нийслэлд, 3 орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 3 хүн нас баржээ.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 5 хүн гэмтсэн,
- Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн,
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтэж, 3 хүний амь хохирсон.
Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 1 осол бүртгэгдэж, 1 хүүхэд гэмтсэн.
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.
Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 189 зөрчил бүртгэгдсэнээс нийслэлд 129, орон нутагт 60 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.