Нүүр хуудасМэдээАнхан шатны тусламж үйлчилгээг хүн бүрт тэгш хүртээмжтэй үзүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд...

Анхан шатны тусламж үйлчилгээг хүн бүрт тэгш хүртээмжтэй үзүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд ӨЭМТ-үүдтэй хамтран ажиллана

Өнөөдөр Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн Хөгжлийн төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-иуд хамтран “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд дэвшил гаргая” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн найман дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж буй 200 гаруй нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд оролцож байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг ярихдаа “Хүн амын 70 гаруй хувьд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг хамруулсан Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шинэ шатанд гаргая уриатай зөвлөгөөнийг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Олон улсын судалгаагаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулж байгаа нэг доллар хожим нь эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулах 40 орчим долларыг хэмнэж чадна гэсэн тооцоолол бий. Тиймээс анхан шатны тусламж үйлчилгээг хүн бүрт тэгш хүртээмжтэй үзүүлэх, цаашдаа аливаа өвчин эмгэгийг туссан хойно нь арга хэмжээ авах биш урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах ёстой юм. 2022 оноос эхлээд анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагуудын нэг иргэнээр санхүүжих санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлсэн. Анхан шатны эмнэлгүүдийн санхүүжилтийг шийдвэрлэснээр өрхийн эрүүл мэндийн төвүүд нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг ажилд авах, цалин урамшууллыг нэмэх боломж нэмэгдсэн. Зөвлөгөөнөөс гарсан санал хүсэлтийг бид цаашид ажил хэрэг болгох, үйл ажиллагаандаа тусгаж ажиллана.” гэдгийг онцоллоо. 
Зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН