Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва удирдан явууллаа. Зөвлөгөөнөөр өмнө нь өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг дүгнэж, дараах асуудлуудыг хэлэлцсэн байна.
Хуралдааны эхэнд хотын дарга, боловсролын хүртээмжээ сайжруулснаар түгжрэлийн асуудлаа шийднэ. Тиймээс одоо баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг түргэвчилж, ашиглалтад оруулах. Ажлын гүйцэтгэлийг долоо хоног бүрээр авахыг анхаарууллаа.
Мөн барилга байгууламжийн А даалгавар, Загвар зургууд батлахдаа удаадаг, гацаадаг, дундаас нь сугалж баталдаг гэх мэт гомдлууд их гардаг. Барилгын компаниудад тулгарч буй ийм мэт бэрхшээлүүдийг хуулийн хугацаанд шуурхай шийдэх үүргийг холбогдох албаныханд өгсөн байна. Цаашдаа цаас үйлдвэрлэлийг цахимжуулах, хялбарчлах саналыг шуурхай бэлдэж танилцуулахыг Хот байгуулалтын газрын дарга Ц.Баярсайханд даалгажээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж иргэд хохирсон жишээ олон байна. Өнөөдрийн байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцад хохирсон нийт байршлуудыг тогтоож энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг яаралтай байгуулж ажилд нь оруулахыг Тамгын газрын дарга Т.Оюунчимэгт үүрэг болгожээ.





