УИХ-ын даргын 2025 оны 523-р захирамжаар байгуулагдсан “Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг Булган аймагт ажиллаж байна.
Уулзалтын үеэр боловсролын салбарт дараах асуудлууд тулгамдаж буйг багш, ажилтнууд онцоллоо. Үүнд:
Дунд ангийн хичээлийн тоо, ачааллыг эрс бууруулах,
6-9 дүгээр ангийн сурагчдын үдийн хоолны асуудлыг анхаарч, шийдвэрлэх,
Үе хоорондын ялгааг анхаарч ажиллах, сургалтын чанарыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо эрс нэмэгдэж байна, иймд гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа, дэмжлэг үзүүлэх боломжийг судлан, дэмжлэг үзүүлэх тал дээр анхаарах,
ЕБС-ын дотуур байрын орчин нөхцөлтэй газар дээр нь танилцаж, холбогдох засвар, тохижилтийн асуудлыг шийдвэрлэхийг хүслээ.
Түүнчлэн сургуулийн орчны стандартыг шинэчлэх хэрэгцээ шаардлага үүсээд байгааг анхаарч, 2018 онд батласан ЕБС-ын орчны аюулгүй байдлын стандартыг шинэчлэх, хүний нөөц, багшийн дутагдал орон нутагт байгааг бодлогоор дэмжих, багш нарыг сэтгэл зүйчээр хөрвүүлэн сургаж байгаа нь сайшаалтай ч төлбөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх ёстой гэсэн санал хэллээ. Мөн орон нутгийн нэмэгдлийг аймаг бүр ижил өгч чадахгүй байгаа нь боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллахад нөлөөлж, хүндрэл үүсгэж байгааг хэлсэн юм.





