Барилга угсралт, их засварын ажил энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 их наяд төгрөг боллоо.
Үүнээс 1.5 (96.8 хувь) их наяд төгрөгийн ажлыг дотоодын, 48.9 (3.2 хувь) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэжээ.
Барилга угсралт, их засварын ажил энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеийнхээс 467.8 (23.2 хувь) тэрбум төгрөгөөр багасахад гадаадын барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 24.2 (97.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн ч дотоодынх 491.9 (24.7 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.
Дотоодын байгууллагаас хувийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 550.7 (30.6 хувь) тэрбум төгрөгөөр багасав. Харин төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 229.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 55.1 (31.6 хувь) тэрбум, гадаадтай хамтарсан байгууллагынх 21.8 тэрбум төгрөгт хүрч 3.7 (20.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар барилга угсралт, их засварын ажлын 33.9 хувийг орон сууцны барилга, 38.1 хувийг орон сууцны бус барилга, 25.6 хувийг инженерийн барилга, байгууламж, 2.4 хувийг их засварын ажил эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс их засварын ажлын эзлэх хувь 0.1, орон сууцны барилгынх 4.1 пунктээр нэмэгдлээ. Харин инженерийн барилга, байгууламжийн эзлэх хувь 0.6, орон сууцны бус барилгынх 3.7 пунктээр багассан байна.
Орон сууцны бус барилгын гүйцэтгэл энэ оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 590.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 251.9 (29.9 хувь) тэрбум төгрөгөөр багасав. Үүнд худалдаа, үйлчилгээний барилгын ажил 7.3 (15 хувь) тэрбум, эмнэлгийн барилгынх 11.7 (34.8 хувь) тэрбум, үйлдвэрийн барилгынх 16.5 (4.6 хувь) тэрбум, орон сууцны бус бусад барилгынх 94.9 (56.1 хувь) тэрбум, сургууль, соёлын барилгынх 121.6 (51.9 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.
Улаанбаатар хотод энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 618.4 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийсэн нь улсын дүнд 41.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 пунктээр багасав. Харин барилга угсралт, их засварын ажлын 58.8 хувийг аймаг, орон нутагт баригдаж буй барилга угсралт, их засварын ажил эзэлж байна.
Дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр Өмнөговь аймагт 375.8 тэрбум, Дорноговь аймагт 244.5 тэрбум төгрөг болсон нь аймгуудын барилга угсралтын ажлын дүнгээр 70.4 хувийг эзэлж байна. Эдгээр аймгийн нутаг дэвсгэрт төмөр зам, газрын тосны үйлдвэрийг дагасан барилга угсралт эрчимжиж байгаа аж.