Монгол улсын соёлын биет бус өв, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ сарын 22-24-ний өдрүүдэд болно. Энэ фестиваль нь 4 дэх жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд Налайх дүүргийн “Тайж” уулын бэлд болох юм. Фестивалиар Монгол улсын Хүүхэлдэйн театр Солонгосын Азийн үндэсний соёлын төв хамтран “Ааруулыг амтлах мөчид” хүүхэлдэйн жүжгийг үнэ төлбөргүйгээр хүүхэд багачуудын хүртээл болгох гэж байна.
Манд.мн сайтын редакц жүжгийн Солонгос найруулагч болон гол дүрийн жүжигчинтэй хэсэгхэн хором ярилцсанаа хүргэе.

Юуны түрүүнд өөрийгөө танилцуулна уу
Сайн байцгаана уу? Намайг Жон Со Ёон гэдэг. Би БНСУ-аас “Ааруулыг амтлах мөчид” хүүхэлдэйн жүжгийн найруулагчаар ажиллахаар ирсэн.
“Ааруулыг амтлах мөчид” хүүхэлдэйн жүжиг нь нэрнээсээ эхлээд их сонирхолтой дотно санагдлаа. Зохиолын талаар яривал?
“Ааруулыг амтлах мөчид” зохиол бол Солонгос улсын “Азийн үндэсний соёлын төв”-өөс санаачилсан төсөл. Зурагт номыг Монгол зохиолч зурж зурагт ном дээрх зохиолыг Солонгос зохиолч бичсэн хамтарсан жүжиг юм. Жүжгийн гол дүр бол Солонгосын Гукурё үеэс ирсэн ханхүү болон тухайн үед амьдарч байсан Монгол хүүхдүүдийн талаар гарна. Эрт үеийн Монгол болоод орчин үеийн Солонгосын Инчеон хотын нисэх онгоцны буудал дээрээс гэсэн хоёр орон зайд аялж буй утга агуулгатай жүжгийг хийж байна. Хотулун гүнж болон Монгол охин Шарын тусламжтайгаар амьдарч байсан Гукурёгийн ханхүү Жиюү гэдэг дүр маань орчин үед ирээд Инчеон хотын онгоцны буудал дээр тэднээс авсан туслалцаагаа ном болгож бичээд бусад хүүхдүүдэд таниулж байгаагаар дүрсэлсэн агуулгатай жүжиг юм.
Жүжгийн бас нэг онцлог нь Монгол, Солонгос хоёр улсын жүжигчид хамтран ажиллаж байна. Жүжигчдийн бүрэлдэхүүнийг хэрхэн сонгосон бэ?
Жүжиг Монгол, Солонгос хоёр улсын хүүхдүүдийн талаар учраас жүжигчдээ сонгохдоо Солонгос болон Монгол жүжигчдийг нийлүүлж сонгосон. Манай уран бүтээлд таван гол жүжигчин байгаагаас гурав нь Солонгос, хоёр нь Монгол. Солонгос жүжигчдийн хувьд Солонгосын үндэсний соёлын төвд харьяалагддаг уран бүтээлч жүжигчдээс сонгон шалгаруулалт явуулж сонгож авсан. Монгол жүжигчдийг өнгөрсөн нэгдүгээр сард Монгол улсад ирж Монгол улсын Хүүхэлдэйн театрт харьяалагддаг үндсэн жүжигчдийн дунд сонгон шалгаруулалт явуулж тэндээс 2 жүжигчнээ сонгож авсан.
Жүжгийн зохиолыг харахад орчин үеийн нисэх онгоцны буудлаас 13-р зууны үе рүү орон зай, цаг хугацааны шилжилт хийж байна. Энэ шилжилтийг тайзан дээр хэрхэн харуулах вэ?
Анх тайзан дээр нисэх онгоцны буудал дээр байгаа мэт хаягууд харагдана. Явах, ирэх нислэгүүд, ачаагаа авах тэр бүрийг нэг хүн гарч ирж харуулна. Чемоданаасаа ном гаргаж ирж номын хуудсыг нээхэд ном дотроос цаас гарч ирэн өнгөрсөн үе рүү шилжиж байгаагаар дүрсэлж харуулахыг хичээсэн. Ерөнхийдөө цаас ашиглан өнгөрсөн үе рүү шилжиж буйгаар дүрсэлсэн. Манай жүжгийн онцлог бол бид тайзаа засахдаа хүн бүр аялахдаа чемодан авч явдаг тийм үү? Тайзны бүх жижиг хэрэглэгдэхүүнийг чемоданаар дүрсэлсэн байгаа. Чемодануудыг хэрхэн нийлүүлээд түүнээс юу гарахыг тааварлах маягаар олон шийдлүүдийг багтаахыг хичээсэн.
Удахгүй “Нүүдэлчин” фестиваль эхлэх гэж байна. Хэр их хүлээлт тавьж байна вэ?
“Нүүдэлчин” фестивальд орох гээд бэлтгэлдээ орсон байна. Фестивальд оролцоно гэсэн чинь сандрал өндөр байна. Монголын үндэсний өв соёлыг түгээдэг энэ фестиваль дээр Монголын талаарх жүжгийг хамтарч үзүүлнэ гэдэг нь нэг талаар баярламаар юм шиг хэр нь нөгөө талдаа бид маш сайн хичээх ёстой гэсэн хүлээлт их байна даа.

Сайн байна уу? Таны хувьд жүжгийн гол дүр болох Гукурё үеийн Жиюү ханхүүгийн дүрийг бүтээж байгаа. Энэ дүрийн талаар яривал?
Сайн. Сайн байцгаана уу? Намайг И Син Тек гэдэг. Би Жиюү ханхүүгийн дүрийг бүтээж байгаа. Жиюү ханхүү маань Курё үеийн Солонгос ханхүү. Дайны үеэр Монголд ирж Монголын амьдралд дасахгүй байх үед нь Хотулун гүнж болон хоньчин охин Шарын тусламжтайгаар ааруул идэж, ааруулаар дамжуулж Монголд амьдрах хэцүү нөхцөл байдлыг даван туулж байгаа дүр л дээ.
Анх энэ жүжгийн сонгон шалгаруулалтад ороход ямар байсан бэ? Энэ дүрт тэнцсэний дараа төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?
Миний хувьд сонгон шалгаруулалтад тэнцсэндээ маш их баяртай байна. Сонгон шалгаруулалтын арга барил нь Солонгост явагддаг жүжгийн сонгон шалгаруулалтаас тэс өөр байсан. Хичээл ороод ч байгаа юм шиг дасгал хийлгээд ч байгаа юм шиг байдлаар явагдсан. Тэнд олон зүйл сурахын хажуугаар энэ жүжигт сонгогдсондоо их баяртай байна.
Монгол аж ахуйг илэрхийлсэн жүжгийн гол дүрт тоглох болсон шүү дээ. Монголын талаар хэр мэдээлэлтэй байсан бэ? Хэр сонирхож байсан бэ?
Жүжгийн багт орохоос өмнө Монгол улсад заавал нэг удаа аялж үзэх юмсан гэж боддог байсан. Монгол гэхээр миний толгойд маш цэвэр агаартай, тэнгэрт олон одод түгдэг гэсэн төсөөлөл бууж байсан. Анх зохиолоо уншихад Монгол соёл ийм байдаг юм байна. Монгол хоол ийм байдаг юм байна гэж зохиолоор дамжуулж олон зүйлийг мэдсэн. Зохиолоо уншсаны дараа миний сонирхлыг их татсан учир Youtube хуудаснаас Монгол улсын талаар хайсан. Монголд аялахаар ирсэн Солонгос youtube-рүүд их байсан. Тэднээс Монголыг ерөнхийдөө ямар улс орон болохыг мэдэж авч хурдан Монголд очиж үзэх юмсан гэсэн хүлээлттэйгээр ирсэн.
Интернэтээс мэдээлэл харж дотроо олон зүйлийг төсөөлж ирсэн хүний хувьд яг Монголд ирээд төсөөллийг нь давж чадсан уу?
Яг ирэхэд миний төсөөллөөс илүү гоё байсан. Хамгийн гоё зүйл нь хонины мах. Хонины мах идэхээр бие маш их эрч хүчээр тэтгэгддэг юм билээ. Хонины мах идэхэд юу ч хамаагүй хийчих юм шиг их хүчтэй болж байгаа нь их таалагдсан. Монголын байгаль орчин их таалагдсан. Надтай таарсан Монголчууд надтай их эелдэг харьцаж байсан. Одоогоор надад муухай юм даа, онцгүй зүйл байна даа гэж харсан зүйл байхгүй. “Нүүдэлчин” фестиваль дууссан ч гэсэн Монголд амьдраад үлдчихмээр санагдаж байна.
Жүжгийг үзэхээр ирэх хүүхдүүдэд хандаж юу гэж хэлэх вэ?
Хүүхдүүддээ хандаж хэлэхэд манай жүжиг маш сонирхолтой гэж хэлмээр байна. Өмнө Хүүхэлдэйн театрт жүжиг үзэж байсан хүүхдүүд ч байгаа, үзэж байгаагүй хүүхдүүд ч байгаа. Тэр хүүхдүүдэд Солонгос жүжигчид ирээд Монгол аж ахуйг хүүхэлдэйгээр дамжуулан үзүүлнэ гэдэг тэр хүүхдүүдэд маш сонирхолтой байх гэж бодож байна. Хоёр орны жүжигчид хамтраад нэг уран бүтээл туурвихад хэн нь Монгол вэ хэн нь Солонгос жүжигчид вэ гэдгийг ялгагдахааргүй хэмжээнд хүүхдүүдийн сонирхлыг татах болов уу гэж бодож байгаа. Тиймээс хүүхдүүдэд хандаж хэлэхэд заавал ирж үзээрэй үзсэндээ хэзээ ч харамсахгүй шүү гэж хэлмээр байна