Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нийт албан хаагчдын 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн хурал 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тайлангийн хурлаар Хамгаалалтын захиргаа 2025 онд 6 зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн нийт 49 ажлын хэрэгжилт, үр дүнг нэгтгэн дүгнэж, байгаль хамгаалагчид болон захиргааны мэргэжилтнүүд ажлын ололт амжилт, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэв. Мөн 2026 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг тодорхойлон, хэрэгжилтийн үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Хурлын үеэр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нэр бүхий албан хаагчдыг Байгаль орчны салбарын шагналаар шагнасныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зөвлөх Ч.Мөнхжаргал гардуулан өглөө. Тодруулбал, мэргэжилтэн М.Ган-Эрдэнэ, байгаль хамгаалагч Б.Даваадалай, О.Есөн-Эрдэнэ нар “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдгээр, мэргэжилтэн Н.Алтанхуяг, байгаль хамгаалагч Л.Амартүвшин, О.Бямбажав, Э.Олзвой нар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа.
Түүнчлэн захиргааны дарга Э.Цогбадрал 2025 онд хамт олноо манлайлан ажилласан оны шилдэг албан хаагчдыг тодруулж, байгаль хамгаалагч Б.Даваадалайг “Тэргүүний байгаль хамгаалагч”, ахлах мэргэжилтэн С.Хонгорзулыг “Тэргүүний захиргааны ажилтан”, ахлах мэргэжилтэн Н.Бүтэнсайныг “Тэргүүний улсын байцаагч”-аар тус тус шалгарууллаа.

Мөн Хамгаалалтын захиргааны “Тэргүүний хэсэг”-ээр Ч.Өнөрсайхан ахлагчтай 2 дугаар хэсэг шалгарч, өргөмжлөл болон үнэ бүхий зүйлсээр шагнагдав.
Тайлангийн хурлын үеэр албан хаагчдаас байгаль хамгааллын үйл ажиллагаанд тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийн талаар олон санал санаачилга гарч, ирэх онд хэрэгжүүлэх ажлуудаа эрэмбэлэн тодорхойлов.






