Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Дэлхийн Байгаль хамгаалах конгрессын хуралд оролцох үеэрээ Ботсвана Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Вүнтер Молотситай ирэх оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын агуулга, санаачилга, төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.

COP17 бага хурлын үеэр Монгол Улс зохион байгуулагч орны хувьд ус болон бэлчээр, байгальд суурилсан шийдлүүдийг олон улсын хэмжээнд газрын менеженттэй уялдуулан хэрэгжүүлэхээр төлөвлөж, гурван том санаачилга дэвшүүлж буйг сайд Б.Батбаатар танилцууллаа. Тэрээр “энэхүү санаачилга нь зөвхөн Монгол Улсад бус, бусад улс орнуудад дутагдаж буй зайлшгүй шаардлага” хэмээн онцлов.

Ботсвана Улсын сайд Вүнтер Молотси: “Маш чухал асуудлуудыг хөндсөн олон улсын хөрөнгө оруулалт, бодлого болон хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд өндөр ач холбогдолтой санаачилгууд гэж үзэж байгаа”-гаа илэрхийлээд дэмжин ажиллах, бүс нутагтаа танилцуулан түгээхэд идэвхийлэхээ илэрхийллээ. Мөн тэрээр “Ботсвана Улс нь зэрлэг амьтад ялангуяа нүүдэллэдэг хөхтөн амьтдын өлгий нутаг гэдэг утгаараа 130 орчим мянган заан бэлчдэг нь харахад сайхан боловч хөрсний болон газрын элэгдэл, доройтол ихсэж буй тул бидний хувьд бэлчээрийн тэргүүлэх санаачилга чухал” гэж тодотголоо.

Дашрамд дуулгарад: Монгол Улс болон Ботсвана Улсын Засгийн газар талуудын 16 дугаар бага хурлын үеэр, конвенцын үндсэн асуудалд бэлчээр (rangelands)-ийн менежментийг багтааж хүлээн зөвшөөрүүлэхэд хамтран хүчин чармайлт гарган ажилласан юм.