НҮБ-аас 6 дугаар сарын 17-ны өдрийг “Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр” хэмээн зарласан байдаг. Энэ жил цөлжилттэй тэмцэх дэлхийн өдрийг улс орнууд “Газрыг нөхөн сэргээе. Боломжуудыг нээе“ уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.
НҮБ “Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” конвенцыг 1994 онд баталж, 195 улс орон нэгдэн орсон байдаг. Манай улс 1996 онд цөлжилттэй тэмцэх конвенцыг соёрхон баталсан эхний 50 улсын нэг болсон юм.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах хариуцлагыг хүлээсэн явдал юм.
Тодруулбал, Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан (СОР17) 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Хоёр долоо хоног үргэлжлэх бага хурлын хүрээнд өндөр түвшний арга хэмжээ, тэр дундаа сайд нарын түвшний хэлэлцүүлэг, олон талт оролцогчдын чуулга уулзалт, шинжлэх ухаан ба бодлогын уялдаа, инновац, технологи, санхүүжилтийн шийдлүүдийг хэлэлцэх сэдэвчилсэн форумууд зохион байгуулагдана. Энэхүү бага хурал нь салбар хоорондын үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж, газрын тогтвортой ашиглалт, экосистем болон газрын нөхөн сэргээлт, “Газрын доройтлыг тэглэх зорилт”-ын хэрэгжилтийг ахиулах чухал алхам болох юм.