Орон сууц, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга О.Баянмөнхтэй ярилцлаа.
“Нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил салбарын 94 жилийн ой тохиож байна. Салбарын өнөөгийн нөхцөл байдал ямар, хэчнээн ажилтан энэ салбарт ажиллаж байна вэ?
-Юуны өмнө Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт ажиллаж байсан үе үеийн ахмадууд болон одоо ажиллаж байгаа ажиллагсад, инженер техникийн ажжилтнууддаа Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 94 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Манай Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт 220 гаруй мэргэжлийн байгууллага, нийт 12,000 гаруй ажилтан, инженерийн техникийн ажилтнууд ажиллаж байна.
-Барилгын хөгжлийн төвийн Орон сууц, нийтийн аж ахуйн хэлтэс ямар ажлуудыг хийж гүйцэтгэж байна?
Манай хэлтсийн чиг үүрэг нь Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд Салбарын байгууллагууддаа мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмж өгөх, үйл ажиллагаанд нь мониторинг хийж, ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ашиглалтын төлөв байдал, засварын ажилд хяналт тавьж, тайлан мэдээ авах, ХАБЭА-н түвшинг дээшлүүлэх, хууль тогтоомж болон дүрэм журам, стандартын мөрдөлт, норм нормативын баримт бичгээр хүлээсэн эрх, үүргийн хэрэгжилтийг хангуулах, салбарын чухал шаардлагатай мэдээллүүдийг нэгтгэн мэдээллийн санд баяжилт хийж, төрийн захиргааны төв байгууллагыг цаг үеийн бодит мэдээллээр хангах, мөн салбарын бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажил үүргийн хүрээнд мэргэжлийн ажлын хэсгүүдэд орж ажиллан санал дүгнэлт өгч ажиллаж байна.
Нийтийн аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах үүднээс хүний нөөц, техник технологи, хөрөнгө оруулалтын чиглэлээр тодорхой бодлогын арга хэмжээнүүдийг Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамнаас боловсруулан хэрэгжүүлэн ажиллаж байна. Ер нь 2000-аад оноос өнөөг хүртэл манай салбарт Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, АНУ, Япон, Австри, Франц, Полш, БНХАУ, Япон улсын ЖАИКА, БНСУ-ын КОИКО олон улсын байгууллага зэрэг хандивлагчдын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хөрөнгө оруулалт хийгдэж, орчин үеийн шинэ дэвшилтэд техник, технологи нэвтэрсэн он жилүүд байлаа.
Хамгийн ойрын жишээ дурдахад Улаанбаатар хотод БНХАУ-ын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хоногт 250000м3 бохир ус хүлээн авч цэвэршүүлэх хүчин чадалтай, шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад ороход бэлэн болж урьдчилсан байдлаар техникийн комисс ажилласан, АНУ-ын Мянганы Сорилын Корпорацийн буцалтгүй тусламжаар баригдаж байгаа ус хангамжийн баруун эх үүсвэрийн барилга байгууламж, ус гүн цэвэршүүлэх байгууламж, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр зэрэг шинэ бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа орсон, ирэх онд ашиглалтад орох байх. Мөн БНПУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 5 аймгийн төвд цэвэрлэх байгууламж баригдаж байна. Энэ онд Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон бол Говьсүмбэр, Увс, Завхан аймгийн цэвэрлэх байгууламж баригдаж байна. Эдгээр том бүтээн байгуулалтын ажил дууссаны дараа ашиглалтыг нь манай салбарын хамт олон хүлээн авч цаашид тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллах юм.
Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын яамны зүгээс Сумын хөгжил инженерийн дэд бүтцийн хангамж төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар сумдад ус хангамж, ариутгах татуургын инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар 90 гаруй сум төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэр, цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжтай болсон. Цаашид ч байгуулалт үргэлжлэх юм.
Нийтийн аж ахуйн салбарт тулгамдсан асуудлуудын тухайд та юу хэлэх вэ?
– Хамгийн нэгдүгээрт орон нутагт хүний нөөц дутмаг байна. Сумдад нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтны хүрэлцээ муу байгаа. Ус хангамж, ариутгах татуургын инженерийн дэд бүтцийн шинэ барилга байгууламж, түүнд суурилагдсан техник тоног төхөөрөмжийн ашиглалтыг цаашид хэвийн найдвартай авч явах хүний нөөц дутмаг байгаа нь санаа зовоосон асуудал болж байна.
Энэ тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц юу байна, та юу гэж харж байна?
Манай салбарын “Ус хангамж, ус цэвэрлэгээ” мэргэжил нь Монгол Улсад нэн шаардлагатай байгаа дээд боловсролын тэргүүлэх мэргэжлийн чиглэлд орсон байдаг онцлогтой.
Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын яамнаас Хүний нөөцийг бэлтгэх талаар бодлогын хувьд олон ажлыг хийж хэрэгжүүлж байна. 2022 онд БХБЯ-ны (хуучнаар) Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар “ОСНААС-ын хүний нөөцийг бэхжүүлэх” ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг салбар хоорондын уялдаа холбоог хангах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх зорилгоор шаардлагатай арга хэмжээнүүдийг боловсруулж хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд, салбарт дутагдалтай байгаа инженерүүдийг нэмэгдүүлэх зорилгоор ШУТИС-тай хамтран “Ус хангамж, ус цэвэрлэгээ” чиглэлээр эчнээ анги нээж, нийтийн аж ахуйн байгууллагын инженерүүдийг тус чиглэлээр хөрвүүлэн суралцах боломжийг олгож 2023-2024 оны хичээлийн жилд 24 оюутан төгссөн бол одоо 40 гаруй оюутан суралцаж байгаа, тус сургууль 2025-2026 оны хичээлийн жилд “Сантехникийн инженерчлэл” мэргэжлээр 2,5 жил суралцах эчнээ болон танхим хосолсон ангид элсэлт авч байна.
Мөн Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллагад ажиллаж буй ажилчид, шинэ элсэгчид, цаашид нийтийн аж ахуйн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой хүмүүсийг “Ус хангамж, ариутгах татуургын инженерчлэл” хөтөлбөрөөр 2.5 жилийн хугацаанд суралцуулж, зээлийн сан, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах чиглэлээр Боловсролын яамны Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргатай санамж бичиг байгуулсан. Гол зорилго нь орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллагад одоо ажиллаж байгаа болон цаашид тогтвортой ажиллах хүсэлтэй залууст дээрх мэргэжлээр дээд боловсрол эзэмшихэд нь салбар яамны зүгээс дэмжиж, сайдын нэрэмжит тэтгэлэг олгож, төгсөөд орон нутагтаа ажиллах боломжоор бүрэн хангахаар гурвалсан гэрээ байгуулан ажиллах юм. Ингэснээр орон нутагт мэргэжлийн инженер техникийн ажилтан тогтвортой ажиллах боломжийг нээж өгч байгаа юм.
Түүнчлэн Монголын нийтийн аж ахуй үйлчилгээний холбоо Мэргэжлийн ТББ-аас ОСНАА-н салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилгоор “САНТЕХНИКИЙН ЗАСВАРЧИН, ЦАХИЛГААНЧИН” мэргэжлийн чадамжийн гэрчилгээ олгох сургалтыг зохион байгуулж, мэргэжилтэй ажилтан бэлтгэж байгаа гэх мэтчилэн сургалт тал дээр ажлууд хийгдэж байна. Харин суралцаад төгссөн мэргэжлийн хүмүүсийг тогтвортой ажиллуулах тал дээр алдаа гараад байна гэж харж байна.
Салбарын яам бодлогоор дээрх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ч мэргэжилтэй ажилтнуудыг орон нутагт тогтвортой ажиллуулахад орон нутгийн засаг захиргаанаас дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Салбар яам хүний нөөцийг дэмжээд мэргэжлийн хүм үүсийг бэлтгээд явуулахад орон нутагт очихоор цалин хөлс, нийгмийн баталгаа муу байгаагаас ажиллах сонирхолгүй болдог. Тэгэхээр цалин хөлсийг ижил төстэй байгууллагын түвшинд хүртэл нэмэгдүүлэх нь чухал байна. Бас усны үйлчилгээний үнэ тарифыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагууд маань аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын статустай байгууллага. Орлогоороо зарлагаа нөхдөг. Гэтэл гол орлого нь болох цэвэр, бохир усны үйлчилгээний үнэ өртөг нь хамгийн хямд байдаг. Ус олборлохдоо насос тоног төхөөрөмж ажиллуулна, түүнд гарсан цахилгаан эрчим хүчний зардал, тоног төхөөрөмж, шугам сүлжээний ашиглалтын урсгал зардал гээд зардлуудаа хасахаар ашигтай ажиллахад хүндрэлтэй болчихдог. Ийм шалтгааны улмаас байгууллагууд маань ажилчдынхаа цалин хөлс нэмэгдүүлэх боломжгүй болдог хүндрэл байна.
Барилга, хот байгуулалтын яам (хуучин нэрээр), Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо мэргэжлийн ТББ, манай Барилгын хөгжлийн төв хамтарч, Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 2023-2025 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээрийг байгуулсан.
Энэхүү хэлэлцээрт салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах талаар тодорхой арга хэмжээнүүдийг тусгасан боловч сая дүгнэхэд 85% биелэлттэй гарсан байсан. Тэгэхээр цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар бодлогын хэмжээнд авч үзэх зайлшгүй шаардлагатай байгаа.
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн ажил хэрхэн үргэлжилж байна вэ?
-Шинэ төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250,000 м³ ахуйн бохир усыг MNS 4943:2015 стандартын түвшинд цэвэршүүлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилготой. Барилгын хөгжлийн төвөөс захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар барилга байгууламж, тоног төхөөрөмж, шугам хоолойн угсралтын ажил дууссан, Одоо туршилт тохируулгын ажил хийгдэж байна. Өнгөрсөн 09-р сард техникийн комисс ажилласан байгаа.
Салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгаа вэ?
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2025/03 дугаартай “Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгаврын хүрээнд улсын хэмжээнд орон сууц, нийтийн аж ахуйн ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 90 байгууллагын мэдээ, тайланг нэгтгэсэн.
Тус салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг 8 багц ажлын хүрээнд нийт 71351 ажил төлөвлөснөөс 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 70378 ажил гүйцэтгэж, 88%-ийн биелэлттэй байна.