Монгол Улсын Зэвсэгт хүчний харьяа нэгтгэл, ангиудын 20 хуулийн офицер хамрагдаж, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн мэдлэгээ батжууллаа.
Уг сургалтыг олон улсын Улаан Загалмайн хорооны Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газраас зохион байгуулж, зэвсэгт хүчний хуулийн офицерууд хамрагдлаа.
2024 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд үргэлжилсэн сургалтыг дүгнэж, Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Т.Наранхүү сургалт удирдан явуулсан Олон улсын Улаан Загалмайн хорооны Зүүн Азийн бүсийн Төлөөлөгчийн газрын Хууль, эрх зүйн газрын дарга хатагтай Марва Шаббар-ыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд хоёр талын байнгын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, төлөвлөгөөт арга хэмжээнүүдийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт хийж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр харилцан санал солилцов.
Ташрамд дурдахад Олон улсын Улаан Загалмайн хороо нь Монгол Улсад жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Хааны эрэлд” энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургуулийн хүрээнд “Олон улсын хүмүүнлэгийн тухай хууль”-ийн сургалтыг тогтмол хамтран зохион байгуулсаар ирсэн.