Нүүр хуудасМэдээБЯ: “БАГИЙН БАГА СУРГУУЛЬ”-Д ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ХӨРӨНГӨ ОРУУЛНА

БЯ: “БАГИЙН БАГА СУРГУУЛЬ”-Д ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ХӨРӨНГӨ ОРУУЛНА

Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх “Багийн бага сургууль” санаачилга албан ёсоор эхэллээ.

НҮБ-ын Хүүхдийн Сан энэхүү санаачилгыг хэрэгжүүлэхээр хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хөрөнгө босгож, өнөөдөр эхний ээлжийн хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд гарын үсэг зурлаа.

“ХААН Банк” ХК, “Монполимет” групп, “Номин Холдинг” ХХК хамтран компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд нийт 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Энэ нь боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт төдийгүй төр, хувийн хэвшлийн байгууллагуудын шинэ хэлбэрийн хамтын ажиллагааны эхлэл боллоо.

Энэ удаагийн хөрөнгө оруулалтаар Төв, Увс, Ховд аймгийн 5 багт бага сургууль байгуулж, нийт 370 гаруй хүүхэд гэртэйгээ ойрхон сургуульд суралцах боломжтой болно. Тэр дундаа Увсын Боршоо боомт, Ховдын Үенч сумын хил хамгаалах анги, нэгжид ажиллаж, амьдарч буй албан хаагчдын хүүхдүүдэд сурах таатай орчныг бүрдүүлэх юм.

“ Төслийн үр дүнд багийн сургуулиуд байгуулагдаж, алслагдсан орон нутгийн хүүхдүүд гэртээ ойрхон – гэр бүлтэйгээ хамт аз жаргалтай сурч, хөгжих боломжийг бүрдүүлж, танхимын болон зайн, гэрийн сургалтын хосолсон хэлбэрийг хэрэгжүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх, нэг ээлжтэй, цөөн хүүхэдтэй сургуулийн сургалт, хөгжүүлэх үйл ажиллагааны альтарнатив хувилбарыг бий болгохоор бид зорьж байгаа юм. Энэхүү зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн үр ашигтай түншлэл, тогтвортой хамтын ажиллагаа онцгой үүрэг гүйцэтгэнэ” гэж Боловсролын сайд П.Наранбаяр онцлов.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристэ Коуасси-Комлан “”Багийн бага сургууль” бол зүгээр нэг санаачилга биш юм. Хүүхэд бүр хаана амьдарч байгаагаас үл хамааран сурч боловсрох эрхээ эдлэх боломжтой гэж хүүхдүүдэд биднээс өгч буй амлалт юм. Өнөөдөр Монгол хүүхдүүдийн сурч, боловсрох эрхийг хангахын төлөө төр, хувийн хэвшил, их дээд сургууль, олон улсын байгууллага гээд олон салбар, байгууллагууд хүчээ нэгтгэн, хамтран ажиллахаар ийнхүү гэрээ байгуулж байгаа нь сайн жишиг юм. Цаашид олон компани Багийн бага сургууль санаачилгыг дэмжихээ илэрхийлсэн. Бид улам олон хүүхдэд боловсролыг тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэх болно” гэлээ.

Одоогоор улсын хэмжээнд 1,575 багийн ердөө 44-т нь буюу 2℅- д нь бага сургууль ажиллаж байгаа нь чамлалттай үзүүлэлт төдийгүй жил бүр ойролцоогоор 36 мянган хүүхэд гэрээсээ хол, дотуур байранд 9 сарын хугацаанд амьдарч, суралцдаг. Эдгээр хүүхэд хичээлийн жилд дунджаар зургаан удаа гэр, сургуулийнхаа хооронд төрөл бүрийн тээврийн хэрэгслээр зорчих шаардлагатай болдог.

Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангаас хувийн хэвшилтэй хамтран 2027 он гэхэд хамгийн багадаа 60 багт бага сургууль байгуулахаар зорьж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН