Нүүр хуудасНийтлэлБүтээн байгуулалт зэрлэг амьтдад ээлтэй болох нөхцөл бүрдэв үү

Бүтээн байгуулалт зэрлэг амьтдад ээлтэй болох нөхцөл бүрдэв үү

 Монголд нутагладаг зэрлэг амьтад хүнээр бол баярлаж байгаа байх даа. Зэрлэг амьтад төдийгүй малын тархац, суурьшил, бэлчээрийг эрсдэлд оруулдаг, төрөл, зүйлүүдийн тоо толгойг цөөрүүлдэг олон хүчин зүйлийн нэг нь зориулалтын гарам, гарцгүй, амьтанд ээлгүй дэд бүтцийн бүтээн байгуулалт байдаг. Тэгвэл яг энэ асуудалд мэргэжлийнхэн анхаарал хандуулж, БОАЖЯ-ны захиалгаар Монгол орны баруун, төв болон зүүн бүсийг дамнасан шугаман дэд бүтцийн төслүүдийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, цаашид авах арга хэмжээг тодорхойлж, зөвлөмж боловсруулах ажлыг 2021 оны сүүлчээр анх удаа хийжээ. Тодруулбал, Монголд зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтэц үнэхээр байна уу, байгаа бол стандартад нийцэж байна уу эсвэл нэр төдий явсаар, амьтдад ээлгүй байсаар байна уу гэдгийг хянажээ.

ТЭД ХЭРХЭН АЖИЛЛАСАН БЭ

             Ажлын хэсгийнхэн “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланд мониторинг хийх ажил нь манай улсад өмнө нь хийгдэж байгаагүй, батлагдсан арга, аргачлал байхгүй зэрэг нь тулгамдсан асуудал байсан. Тиймээс судалгааны баг ажлын даалгавар болон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 онд баталсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний аргачлал”-д үндэслэн мониторингийн шалгуур үзүүлэлтүүдийг анх удаа гаргаж ирсэн нь онцлог байлаа. Улмаар шалгуур үзүүлэлтүүдийг байгаль орчны бүрэлдэхүүн хэсгээр нарийвчлан задалж, дэд бүтцийн төслүүдийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг нийт 336 шалгуур үзүүлэлтээр үнэллээ. Эдгээр шалгуур үзүүлэлт нь цаашид шугаман дэд бүтцийн төдийгүй бусад төслийн үнэлгээнд ашиглах боломжтой бөгөөд үнэлгээний тайлангийн чанарыг сайжруулахад ихээхэн түлхэц болно. Шугаман дэд бүтцийн авто замын тав, төмөр замын хоёр төслүүдийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд хийсэн шинжилгээгээр нийт 336 шалгуураас 164 буюу 48.8 хувь нь дутмаг, 118 буюу 35.1 хувь нь боломжийн, 54 буюу 16.1 хувь нь хангалттай түвшинд үнэлэгдэж байна. Энэ нь үнэлгээний тайлан боловсруулалтад анхаарах шаардлагатайг харуулж байгаа юм” гэжээ.

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний аргачлал”-д үндэслэн мониторингийн шалгуур үзүүлэлтүүдийг анх удаа гаргаж ирсэн нь онцлог байлаа

            Түүнчлэн “Бидний хээрийн богино ажиглалт судалгаагаар  төмөр замын бүсэд 10 байршилд 546 бодгаль хулан, гурван байршилд 38 бодгаль харсүүлт зээр, нэг байршилд 17 бодгаль цагаан зээр тус тус ажиглагдсан. Хулан, хар сүүлт зээрийн томоохон сүрэг Өмнөговь аймгийн Манлай болон Дорноговь аймгийн Мандах сумын зааг нутагт тааралдаж байна. Одоогоор төмөр замын бүтээн байгуулалт дуусах шатандаа явж байгаа тул ачаа тээвэр хийхгүй хөдөлгөөн бараг үгүй байна. Энэ үед хулангийн томоохон сүргүүд замын урд, хойд талаар тааралдаж байгаа нь шилжилт хөдөлгөөнд бага саад учруулж байна гэж үзэхээр түвшинд байна. Гэхдээ ачаа тээвэр хийх үеэс эхлэн дуу чимээ, хүн болон тээврийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэхэд хулан, хар сүүлт зээрийн шилжилт хөдөлгөөнд хэр зэрэг саад болох нь тодорхойгүй” гэжээ.

            Иймд цаашид төмөр зам дагуу байгуулсан нүхэн болон гүүрэн гарцыг зэрлэг амьтад ашиглаж байгаа эсэхийг нарийвчлан судлах шаардлагатай. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 225 км төмөр зам мөн л хулан, харсүүлт зээр, цагаан зээрийн амьдрах орчны хуваагдал үүсгэж, шилжилт хөдөлгөөнд саад учруулж болзошгүй байна. Цаашид төмөр замын дагуу байгуулсан зэрлэг амьтдын зориулалттай нүхэн гарц, нэг түвшний гарц, гүүрэн гарцыг зэрлэг амьтад хэр ашиглаж байгаа талаар судалгаа, мониторинг тогтмол хийх шаардлагатай байгаа юм. Төмөр замын бүтээн байгуулалт зэрлэг амьтдад төдийгүй шувуудад ч амьдрах орчны хуваагдал, нөлөө үзүүлж байдаг байна. Жишээ нь, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын тавдугаар зөрлөгийн орчимд тас шувуу нэн элбэг нутагладаг байна. Энэ нь энгийн үзэгдэл мэт боловч амьдрах орчны эрсдэлд өртөх магадлал өндөртэйг Ажлын хэсгийнхэн онцолж байгаа юм.

СУУРЬШЛЫН НУТГАА ТӨМӨР ЗАМААР ХУВААЛГАСАН ҮНЭГХЯРСҮЕН ЗЭРЭГАМЬТАД УС ЗАЙЛУУЛАХ ХООЛОЙГООР ДАМЖИЖ БАЙНА

            Үүнээс гадна “Төмөр замын дагуу нэгээс тав хүртэлх хоолой бүхий нүхэн гарц, 15 баганатай гүүрэн гарц, нэг түвшний гарц байгуулснаас хоолой бүхий гарцын өргөний хэмжээ стандартаас бага, суурь хэсгийг бетон цутгаж бэхжүүлсэн хэсэгт өнгөлөн далдалт хийгдээгүй зэрэг байдлаар хоолой бүхий гарц стандартад заасан хэмжээ болон хийцийн хувьд шаардлага хангахгүй тохиолдлууд ч байна” хэмээн тайландаа дурджээ. Гэхдээ төслүүдийн бүтээн байгуулалтаар нэгэнт хийгдсэн байгаа нүхэн гарцууд болон гүүрэн гарцууд нь хийцийн талаасаа MNS 6515:2015, MNS 6735:2018 стандартуудын хэрэгжилтэд нийцтэй гэж үзэж болох тохиолдол олон байгаа аж. Тухайлбал, ус нэвтрүүлэх зорилгоор хийсэн маш бага хэмжээний дугуй нүхэн гарцуудаар үнэг, хярс, үен зэрэг жижиг амьтад гарч сурсан байдалтай байгаа нь элсэн дээр үлдээсэн мөрүүдээс тод харагдаж байгааг Ажлын хэсгийнхэн онцолжээ. Гүүрэн гарцууд нь хуурай сайруудын өргөнөөс шалтгаалан нэг тулгууртайгаас 23 хүртэл баганатай байх бөгөөд багана нь олон байх тусмаа зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд таатай нөхцөл бүрдүүлж байгааг ч мөн дүгнэлтдээ багтаасан байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 225 км төмөр зам мөн л хулан, харсүүлт зээр, цагаан зээрийн амьдрах орчны хуваагдал үүсгэж, шилжилт хөдөлгөөнд саад учруулж болзошгүй байна

            Түүнчлэн “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын дагуу бүс нутгийн болон олон улсын хэмжээнд ховордлын зэрэг өндөртэй харсүүлт зээр, цагаан зээр, хулангийн идээшил нутаг тохиож байна. Цөлжүү хээрийн ялгаатай хэв шинжүүд, хээржүү цөлийн ялгаатай хэв шинжүүд, нам уулсаас буух сайр дагуух хармаг, хайлаас, бусад олон зүйлийн сөөгт ургамалтай өвөрмөц амьдрах орчны хэв шинж нь харсүүлт, хулан, цагаан зээр зэрэг туруутан амьтдын чухал амьдрах орчин болдог. 

Шугаман дэд бүтцийн төслүүдийн БОННҮ-ний хүрээнд эхлээд төдийлөн анхаарал татаагүй олон асуудал гарч ирсээр байна.

Энэ нь биологийн төрөл зүйлийг хамгаалахад онцгой үүрэгтэйгээр “босож” ирдэг онцлогтой. Тиймээс шугаман дэд бүтэц, түүний дотор хурдны автозамууд, төмөр замын төслүүдийн дараагийн шатны судалгааг гадаадын хөгжингүй орнууд хэзээ ч орхихгүй байгаа юм. Иймд төслийн баримт бичиг, ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах шатанд мал, амьтдын нүхэн гарц, гарам, гүүр болон сайрын үерийн ус нэвтрүүлэх хоолойн төлөвлөлтийг “Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн нүүдлийн зэрлэг амьтдад зориулсан гарц, Ерөнхий шаардлага MNS 6735:2018” болон “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц” MNS 6515:2015 стандартуудын шаардлагад нийцүүлэн хийх хэрэгтэй. Зэрлэг амьтнаас гадна мал замын өндөр даланг даван бэлчээр сэлгэж байгаа байдал аль ч трассын дагуу элбэг тохиолдож байна. Ялангуяа Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замд нэг түвшний мал, амьтдад зориулсан гарц цөөхөн, зай нь ихээхэн хол байна. Тэгвэл төмөр замын дагууд үүссэн хурдас чулуулгийн овоолгуудыг нэг түвшний гарц, гарам хийхэд ашиглах боломжтой эсэхийг судлах хэрэгтэй.

Замын тэмдэг тэмдэглэгээг ялангуяа мал, амьтны тэмдэг тэмдэглэгээг оновчтой газарт байршуулах, мөн төрөлжүүлэх хэрэгтэй” гэжээ.  

           Уншигч та анзаарсан бол дээрх баримт, дүгнэлт, зөвлөмжүүд нь зөвхөн төмөр замын трасс дагуух зэрлэг амьтад болон малд тохиолдох эрсдэл, ээлтэй байлгахын тулд нэн даруй болон ирээдүйд хийх шаардлагатай гарц, гарамын стандартыг тодорхой заасан зөвлөмжүүдийг танд багцлан хүргэлээ. Өөрөөр хэлбэл, монголчууд дэлхийн өндөр хөгжилтэй улс, орнууд шиг байгальд, зэрлэг амьтдад ээлтэй төмөр замын бүтээн байгуулалт хийх гарааныхаа зам дээр ирлээ. Хамгийн гол нь,“Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн нүүдлийн зэрлэг амьтдад зориулсан гарц, Ерөнхий шаардлага MNS 6735:2018” болон “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц” MNS 6515:2015 стандартуудыг хэрэгжүүлэх нь маш чухал билээ. Үүнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ  нар онцгой анхаарал хандуулах шаардлагатай юм. Эдгээр стандартыг хэрэгжүүлснээр дэлхийд ховор хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир, монгол бөхөн зэрэг амьтдын нүүдлийн замд саад учрахгүй байх боломж бүрдэх учиртай билээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН