Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг өнөөдөр /2022.09.21/ соёл, урлагийн зарим байгууллагын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Мөн салбарын сайд Ч. Номин болон албаны бусад хүмүүстэй уулзаж энэ салбарын тулгамдсан асуудал, төсөв, хөрөнгө оруулалтын асуудлын талаар санал солилцлоо

УИХ-ын гишүүн Г. Мөнхцэцэг : Соёлын салбараас гараа татдаг төр улс гэж хаана ч байхгүй. Соёлын бодлого бол тухайн улс орны өв түүхийн хэлхээг улам батжуулж байдаг нэгэн цөм хүрд. Монгол Улсын соёл, урлагийн өв, дархлаа бол үндэсний эрх ашиг, аюулгүй байдлын язгуур үндэс мөн. Соёл урлагийн байгууллагаар дамжуулан бүтээлч үйлдвэрлэл өрнөж, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх нь, улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын илэрхийлэл гэж миний хувьд ойлгодог. Тиймдээ ч УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог тэргүүлж байгаа хүний хувьд энэ салбарын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах гол бодлогод анхаарах ёстой гэж үздэг” гэж уулзалтын үеэр онцоллоо.


2022 оны улсын төсөвт, Соёлын яаманд 155 тэрбум төгрөг төсөвлөсөн боловч, хоёр удаагийн төсвийн хэмнэлт болон тодотголоор 50 гаруй хувийг нь танаж 75 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг суулгасан гэдгийг сайд Ч.Номин танилцууллаа.


Түүнчлэн Байнгын хорооны дарга Дуурь бүжгийн эрдмийн театр, Чойжин ламын сүм музейн сэргээн засвар, тохижилтийн ажилтай газар дээр нь танилцаж Соёлын сайд Ч. Номин болон бусад албаны хүмүүстэй соёлын салбарт тулгамдаж байгаа асуудал, гарц шийдлийг ярилцлаа.





