Нүүр хуудасМэдээДугуйчид олимпын эрхийн төлөө уралдана

Дугуйчид олимпын эрхийн төлөө уралдана

Засмал замын дугуйн 2023 оны Азийн АШТ зургадугаар сарын 7-13-ны өдрүүдэд Тайландын зүүн эрэг дэх Районг хотноо болно. Насанд хүрэгчдийн ангилалд алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид Парисын олимпын эрхээ шууд авах энэхүү тэмцээнд оролцохоор 42 улс мэдүүлгээ өгчээ.

Манай улс тус тэмцээнд эрэгтэйчүүдийн элит ангилалд С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Б.Марал-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ, Э.Билгүүнжаргал нарыг сойхоор бэлтгэл сургуулилтыг нь хангаж байна.

Дугуйчид өдгөө Япон, БНХАУ-д хамтарсан бэлтгэл хийж, олон улсын тэмцээнд оролцож байгаа юм.

Хэрэв тэдний хэн нэг нь тивдээ эхний хоёрт хурдалж чадвал “Парис-2024” олимпын анхны эрхийг авах болно.

Монголын эрэгтэй дугуйчид өмнө нь Азийн АШТ-ий элит ангиллын уралдаанаас мөнгө, хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.

Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших 2001 онд ганцаарчилсан уралдаанд аман хүзүүдсэн бол өнгөрсөн жил ОУХМ С.Жамбалжамц бөөн гараатай уралдаанаас хүрэл медаль хүртэж байв.

Эмэгтэй дугуйчдаас Т.Энхжаргал 2013 онд ганцаарчилсан уралдаанд түрүүлж, 2014, 2015 онд хүрэл медалийн эзэн болсон билээ.

Харин Азийн наадмаас 1974 онд багаараа хүрэл, 1982 онд Ц.Ганболд мөнгө, 1990 онд багаараа мөнгө, хувийн уралдаанд Д.Төмөр-Очир хүрэл медаль хүртэж байлаа.

Монголын дугуйчдын хувьд 1996 оноос хойш олимпын наадмын эрхээ авч чадаагүй. Гэхдээ энэ жил муугүй боломж бий.

Дэлхийн чансааны 21-45-д бичигдсэн улсууд Парисын олимпын нэг эрх авах бөгөөд манай улс одоогоор 32-т бичигдэж байгаа юм. Хэрэв энэ байраа он дуустал хадгалж чадвал 1996 оноос хойш анх удаа олимпын наадамд уралдах болно.

Олимпын эрхийн төлөө өрсөлдөж буй дугуйчдадаа амжилт хүсье!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН