17-р жарны сүрээр дарагч хэмээх ” ГАЛ МОРИН” жилийн босгон дээр Буянт багийн малчин Нэргүйн Бямбажав, Сугирын Дэлгэржаргал нар “Улсын аварга малчин”-аар тодорлоо.
Н.Бямбажав нь малын тоо толгойг тогтвортой өсгөхийн зэрэгцээ малын чанарт илүү анхаарч, малын эрүүл мэнд, тэжээллэг, арчилгаа маллагааг улирлын онцлогт тохируулан зөв зохион байгуулж, малын таваарлаг байдлыг хангах болон мал аж ахуйн технологит ажлыг цаг хугацаанд мэргэжлийн байгууллагаар хийлгэхийн сацуу байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөлийг малыг хорогдолгүй даван туулах зорилгоор отор нүүдлийг оновтой зохион байгуулдаг малчин юм.
Мөн малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор адуун сүргийг Монгол үүлдрийн шилмэл хээлтүүлэгчээр, үхэр сүргийг Монгол, хар Ангус үүлдрийн бухаар, хонин сүргийг Монгол, Барга үүлдрийг үндсэн сайжруулагчаар ашиглаж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, бүтээмжийг дээшлүүлэн нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байгаа.
Жил бүр үржлийн малдаа үзлэг ангилалт, ялган тэмдэглэгээ, хянан баталгаажуулалтын ажлыг мэргэжлийн байгууллагаар тогтмол хийлгэж хэвшиж мал сүргээ эрүүлжүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Луус” ХХК мал эмнэлгийн нэгжтэй гэрээ байгуулан хамтран ажилладаг малын тоо толгойн албан татвар, НДШ зэргийг жил бүр тогтмол төлж малаа даатгуулдаг ба өөрийн хөдөлмөрч зан, ажлын туршлага, мэдлэгийг бусад малчдад үлгэрлэн харуулж, орон нутгийн мал аж ахуйн тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулж орон нутгаас зохион байгуулагддаг нийгмийн бүхий л үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцдог малчин өрх юм.
Тэрбээр энэ жил “Улсын аварга малчин” шалгаруулах журамд өөрчлөлт орж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн байдал, улсад төлсөн татвар, мал аж ахуйн үйлдвэрлэлээс олсон орлогыг голлох үзүүлэлт болгосон байна.
Дагалдах шагналыг улаан халзтай гэр, сэргээгдэх эрчим хүчний багц, цэвэр үүлдрийн үржлийн бух, малын тавлаг байдлыг хангасан угсардаг битүү хашаа, бохирын септик систем зэрэг таван багцаас сонголт хийх боломж бүрдүүлж аварга малчдаас саналыг нь авсны дагуу гардуулж байгаа аж.
Н.Бямбажав улсын аваргынх энэ бүх үзүүлэлтэд бүрэн нийцэж байгаа төдийгүй шагналдаа малын угсардаг битүү хашаа сонгожээ.
“Улсын аварга малчин” шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Мөнхбат, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун сумын удирдлагууд гардуулан хүндэтгэл үзүүллээ.





