Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс /ИБНАУ/-д үүрэг гүйцэтгэсэн цэргийн нэр бүхий алба хаагчдыг Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Энхийн төлөө медалиар шагнаж, баяр хүргэлээ.
Зэвсэгт хүчний Хамгаалалтын ротын XII, XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ИБНАУ-д олон үндэстний “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ болон ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгээд ирсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх монгол цэргүүд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд идэвхтэй оролцож эх орон, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж байгааг сайшаав. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд цэргийн багууд ИБНАУ-д үүргээ нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ анх удаа гадаадын цэргүүдийг нисдэг тэрэг, их бууны чиглэлээр сургаж дадлагажуулсныг онцлон тэмдэглэв. Алба хаагчдын хуримтлуулсан цэргийн хээрийн дадлага, ажиллагааны туршлага зэвсэгт хүчний хөгжилд ихээхэн дэмжлэг болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв. Цагийн байдал болон цаг агаарын хүнд нөхцөлд ур чадвар, эр зориг, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалтаараа бусад орны цэргийн алба хаагчдад үлгэр жишээ үзүүлсэн цэрэг эрс, тэдний найдвартай ар тал, түшиг тулгуур болсон гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд талархал илэрхийллээ.
“Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд оролцсон цэрэг дайчдаа төлөөлж Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн ротын ахлагч, ахлах ахлагч Ш.Жамсран үг хэлэв. Тэрбээр, Монгол Улсын төр, засаг, цэргийн дээд удирдлагаас өгсөн үүргийн дагуу дайчин нөхөдтэйгээ хамт иргэд, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, аюулгүй байдлыг нь хангах хариуцлагатай албаа нэр төртэй биелүүлсэндээ баяртай байгаагаа тэмдэглэв.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 027 ДУГААР АНГИЙН СЭТГЭЛЗҮЙ, БИЕИЙН ТАМИРЫН ОФИЦЕР, АХМАД Т.БИЛГҮҮН:
“Хамгийн сүүлийн буюу XIII ээлжинд оролцоод ирсэн. Пулемётын цэгт гарах, афган эмэгтэйчүүдийг шалгаж нэвтрүүлэх гээд эрчүүдтэй адил үүрэг гүйцэтгэж байснаараа бахархаж байна.”
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 150 ДУГААР АНГИЙН ТАСГИЙН ЗАХИРАГЧ, АХЛАХ АХЛАГЧ Г.ЭНХСАЙХАН:
“Зургаа дахь удаагаа ажиллагаанд оролцсон. Цар тахлын улмаас хоорондын зай барих зэргээр халдвар хамгааллын дэглэм мөрдөх нь бага зэрэг хүндрэлтэй байсан. Цэргийн дээд удирдлагаас медаль гардаж авсандаа баяртай байна.”
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 284 ДҮГЭЭР АНГИЙН АЖИЛЛАГААНЫ ОФИЦЕР, АХМАД Б.ДӨЛГӨӨН:
“Хоёр дахь удаагаа оролцоод ирсэн. Цагийн байдал тогтворгүй, цар тахал тархсан байсан ч цэргийн баг сахилга баттай байж, хүлээсэн үүргээ биелүүлээд эх орондоо ирсэн.”
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 084 ДҮГЭЭР АНГИЙН 104 ДҮГЭЭР САЛБАРЫН ОРЛОГЧ, АХЛАХ ДЭСЛЭГЧ М.БИЛГҮҮН:
“Халдлага, дайралт ихтэй, цаг агаар, цар тахлын амаргүй нөхцөлд цэргийн баг үүргээ нэр төртэй биелүүлээд ирсэндээ баяртай байна.”
Монгол Улс 2002 онд НҮБ-ын цэргийн ажиглагчид, 2003 оноос Ирак, ИБНАУ-д цэргийн багаа илгээсэн түүхтэй. Одоогоор Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад цэргийн баг үүрэг гүйцэтгэж байна.