Нүүр хуудасМэдээЕТГ: “Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

ЕТГ: “Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Грийн групп”-д ажиллалаа.

“Грийн групп” нь “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд бага хүүтэй, урт хугацаатай зээл авч “Талын Монгол” гоймонгийн экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулаад байна.

Есөн сарын дотор байгуулсан энэ үйлдвэр хоногт 100 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч, усны хэмнэлттэй гэдгийг гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл танилцууллаа.

“Хүнсний хувьсгал”-ын дүнд сүүлийн хоёр жилд хүчин чадлаа өргөтгөн гадаадын улс орнуудтай үйлдвэрлэгч, экспортлогчийн хувиар эн тэнцүү, харилцан ашигтай хамтрах боломж бүрдсэнд группын удирдлагууд талархал илэрхийллээ.

“Грийн групп” гадаад зах зээлд хэдийн байр сууриа эзэлж, “Талын Монгол” брэндээ Хятад, Орос, Турк, Казахстан, Узбекистан, Киргиз Улсад нийлүүлж байна.

24 га талбайд Үйлдвэр, технологийн парк байгуулж, 2,000 гаруй том, жижиг, дунд үйлдвэрлэгчтэй хамтран ажилладаг.

Зургаан охин компанитай энэ групп 30 гаруй брэндийн 600 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нэвтрүүлсэн. 1,200 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.

2022-2025 онд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2,500 гаруй аж ахуйн нэгжид эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хэлбэрээр 1.3 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгосон.

Үүний дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдэн, 53 үйлдвэр ашиглалтад орж, хүнсний 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна.

“Хүнсний хувьсгал”-д нэгдэж, олон ажлын байр бий болгон, татвараа төлж байгаа “Грийн групп” болон бусад бүх аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

Цаашид үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, эх оронч худалдан авалт хийж байхыг иргэдэд уриаллаа.

“ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД:
  • Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлсөн,
  • Үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал тариалсан, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн эрчимжсэн тахианы аж ахуйн орлогын албан татварыг 50 хувиар хөнгөлсөн,
  • Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл импортын гаалийн албан татвараас бүрэн чөлөөлсөн,
  • Дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, гурилыг НӨАТ-аас, дотооддоо үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөн,
  • Дотоодын түүхий эдээр боловсруулж, дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөн,
  • Импортын болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2025 он хүртэл НӨАТ-аас бүрэн чөлөөлсөн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН