Нүүр хуудасМэдээЖ.Батжаргал: Баян-Баянцагаан сумыг холбосон авто замын ажил, 160 хүүхдийн сургуулийн барилга, эмнэлгийн...

Ж.Батжаргал: Баян-Баянцагаан сумыг холбосон авто замын ажил, 160 хүүхдийн сургуулийн барилга, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэхэд анхаарч ажиллана

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Төв аймгийн Баянжаргалан суманд ажиллаж байна. Баянжаргалан сумын иргэдтэй уулзах үеэр УИХ-ын чуулганаар баталсан хууль тогтоомж, ирэх хавар хэлэлцэх хуулийн төслүүд болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн өнөөгийн байдлын талаар танилцуулж, цаашид сум орон нутгийг хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцжээ. Иргэд, банкны зээлийн хүүг бууруулах, гадаадын банк оруулж ирэх асуудлыг судлах, багш нарын цалингийн нэмэгдэлд анхаарах, малчдын нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, төрийн албан хаагчдын орон сууц, хүүхдийн тоглоомын талбай, шүдний кабинеттай болох, авто зам барих, ажлын туршлагагүй их, дээд сургууль төгссөн залуучуудыг даргаар тавьдаг байдлыг цэгцлэх гэх мэт олон асуудлуудыг хөндөж байсан юм.

2024 оноос Баян сумын дулааны нам даралтын зуухны үйл ажиллагааг хариуцах болсон компанийн зохион байгуулалт, менежментийн алдаанаас болж сүүлийн 2 жил дулаан доголдож төр, захиргааны байруудын шугам хөлдөж төрийн алба, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйл ажиллагаанд олон хүндрэлүүд үүсэж байгаа аж. Асуудлыг шийдвэрлэхээр Төв аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар сумын удирдлагууд хэлэв. Мөн тэд цэцэрлэгийн багш, эмнэлгийн мэргэжилтний дутагдлыг арилгах, зураг төсөв шинээр хийгдэж буй 160 хүүхдийн сургуулийн барилгын төсвийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг тойргийн гишүүнээс хүслээ.

УИХ-ны гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал иргэдийн тавьсан асуултуудад хариулж, зарим санал хүсэлтийг албажуулж холбогдох төрийн байгууллагуудад уламжлахаа мэдэгдэв. Мөн Баян-Баянцагаан сумыг холбосон авто замын ажил, 160 хүүхдийн сургуулийн барилга, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН