Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны цахим хуралдаан өнөөдөр (2020.12.23) 09 цаг 40 минутад эхэлж, тус дэд хорооны 2021 оны ажлын төлөвлөгөө болон Жижиг, дунд үйлдвэрийн газрын 2019-2020 оны үйл ажиллагааны мэдээлэл сонслоо.
Мэдээллийг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан хийж, тус газрын эрх зүйн орчин; санхүү, хөрөнгө оруулалтын бодлого; Ковидын нөхцөл байдлын улмаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ зэрэг асуудлуудыг танилцуулсны дараа цаашид авах арга хэмээ болон саналаа танилцуулав.
Үүнд, Урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг бүрдүүлж үйл ажиллагаа нь доголдсон, зогссон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хөнгөлөлттэй зээл олгох, Арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны зээлтэй бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээлийн хүүгийн татаас олгох, зээлийн хүүг жилийн 12 хүртэл хувь бууруулах,
Жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай, үйл ажиллагаагаа өртгөтгөх зорилгоор импортолж буй тоног төхөөрөмжийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, Бүтээгдэхүүн үйлчилгээгээ экспортлодог жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд гаалийн албан татварын хөнгөлөлт үзүүлэх,
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх нэг цонхны үйлчилгээг үзүүлэх нөхцөл бололцоо, барилга байгууламжаар хангах, мөн Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг ажлын байрны урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөл бүхий ипотекийн зээлд хамруулах зэрэг саналуудыг танилцуулав.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.