1939 оны Халх голын дайнд явсан цэргүүдийн гэр бүлийн амьдралыг харуулжээ. Хоёр сар үргэлжилсэн дайны ард эх орноо хамгаалахаар явсан насанд хүрсэн цэрэг эрсийн гэр бүл хэрхэн аж төрж, сэтгэлдээ юу тээж явдгийг, хүүгээ санасан аавын сэтгэлийг яруу тодоор харуулахыг зорьжээ. Хоёрхон сар мэт боловч хүүгээ хүлээх аав, түүнийг үзэх үзэгчдэд асар удаан хугацаа мэт санагдана. Цуг санаж, цуг санаа алдаж, цугтаа уйлж, цугтаа цөхөрсөн кино байлаа.
“Задлаагүй захиа” УСК-ны найруулагч Б.Батдэлгэр өмнө нь “Шар гэгээ” УСК-оор үзэгчдэд эчнээ танил болсон бол “Задлаагүй захиа” түүний ээлжит уран бүтээл юм. Бавуугийн Лхагвасүрэн агсны зохиол “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэн “Задлаагүй захиа” кино бүтжээ. Найруулагч хэлэхдээ “Өөрөө аав хүн ч гэсэн аав хүнийг киногоор дамжуулж гаргана гэдэг маш хэцүү зүйл юм байна” гэж онцолж байлаа. Жүжигчдээ сонгон шалгаруулахдаа 21 аймгаас сонгон шалгаруулалт хийж, МУСТА Ц.Лхагва гуайг гол дүрдээ сонгон ганц эр Гэндэнгийн дүрийг бүтээлгэсэн нь киног илүү чимж өгсөн мэт. Залуу жүжигчид ч өөрийн гэсэн онцлогтой байх агаад Гэндэнгийн залуу насанд МУГЖ Б.Золбоот тоглосон нь уран бүтээлийг чимжээ. Тэрээр 40 жилийн өмнө “Дутуу хээтэй тооно” жүжигт энэ л дүрдээ тоглож байсан гэнэ. Хэдий 40 жил өнгөрсөн ч дахин сонгогдож тоглосон нь түүний ур чадварыг илтгэж буйн илрэл болов уу.
Эмэгтэй гол дүрд тоглосон М.Анужин ч дүрдээ сайн оржээ. Түүний хувьд анхны гол дүр бүтээсэн кино юм. Түүнээс гадна их зохиолчийн жүжгийг голчлон барьж ажилласан болохоор дүр хоорондын харилцан яриа хүртэл жиг жуг хийсэн бус маш чанартай харилцан яриа байсан болов уу? Сүүлийн үед Монгол ахуй соёлыг тултал харуулсан кино гараагүйгээс ч тэр үү үзсэн хэн бүхний сэтгэлд их ойр дотно санагдах байх. Монгол кино үзэх хэрэг байна уу, диалог муу, олонд танигдсан хэдэн жүжигчдээ тоглуулаад байдаг гэх шүүмжлэлийг эрс өөрчилж чадсан мэт. Сүүлийн үед хийгдэж буй зарим уран бүтээлүүд хэдийнэ ойлгомжтой бөгс бөөрний хэрүүл хийсэн, олигтой харилцан яриа ч сонсож чадахгүй аманд орсноо бурдаг киног бодвол хүний сэтгэлийг зөөллөсөн, ахуй соёлоо харуулсан, хүнд ойлгомжтой харилцан яриагаар өнгөлж өгсөн бүтээл болжээ.
Монгол аав хүн гэж ямар хүн болохыг, аав хүний хүүгээ санасан сэтгэлийг тултал харуулсан уран бүтээл.
Монгол аав гэж ямар хүн бэ? Аав хүний үр хүүхдээ хүлээх хүлээлтэд хязгаар гэж бий юу? Хүүгээ хүлээхийн зовлон уулзахын жаргалаар дуусдаг байх. Хэдий өөрийнх нь төрсөн хүү биш ч гэсэн өөрийн мах цусны тасархай мэт хайрлах аавын сэтгэлийг юутай ч зүйрлэж чадамгүй. Төрүүллээ гээд аав нь болох уу, өсгөсөн нь аав болох уу?
“Эр ганц Гэндэн, хоёр болж үзсэн юм шүү” гэх үг дүрийн хичнээн шаналж буйг харуулсан мэт. Учир нь бадарчилж явдаг байсан түүнийг хоёр болгосон юм чинь. Төрсөн эцэгтээ хаягдсан хөөрхий хүүг бадарчилж явсан ганц эр өөрийн хүү мэт өсгөн хүмүүжүүлж дайнд явуулдаг. Дайнд явсан хүний ард үлдсэн гэр бүлд юу болдог талаар өгүүлж, улаан уяагаар боосон задлаагүй захиа болон хар уяагаар уясан задлаагүй захиа хичнээн ялгаатай болохыг, үүний учрыг мэдэхгүй улаан уяагаар боосон захиаг хүүгээсээ ирсэн захиа гэж итгэх аавын баярласан сэтгэлийг яруу тодоор харуулсан. Улаан уяатай захианаас хүн бүр халширч, харамслын захиаг уншихаас зугтаж явахад учрыг нь мэдэхгүй жаахан охин өвгөн Гэндэнд уншиж өгснөөр хүүгээ эргэж ирэхгүйг мэдэх аавын сэтгэл, нулимсаа тэвчиж үл чадах аавыг харах үзэгчдэд ч хэцүү.
Дайнаас амьд үлдсэн хүн ирсэн гэх мэдээгээр хүү минь болов уу? гэсэн итгэл тээн очиж хардаг ч түүний хүү биш байдаг нь эцэг хүний сүүлийн итгэл байсан нь нуран унасан юм. Эр хүн цөхрөхөөрөө дуугаа хураадаг тэр агшинг үзүүлсэн нь үгээр бус үйлдэл биеийн хэлэмжээр маш нарийн гаргаж өгсөн мэт. Чимээгүйхэн мориноосоо буугаад удаан сойсон мориныхоо эмээлийг авч газар чулуудаж, хазаарыг нь мулт татан цулбуураар ороолгож, шинээр барьж буй гэр лүүгээ цөхрөнгүй харах тэр мөч үзэгч биднийг ч хамтад нь цөхрөөж, газарт унагсан юм.
Зураг авалт, дүрийн сонголт, сценүүдийн шилжилт бол үзэгчийн нүдээр харахад үнэхээр уран яруу, зураг авалтын баг техник хэрэгслүүдээ тултал бүрэн ашиглаж чаджээ. Хөдөө цагийн үзэсгэлэнг хараад хөдөө явмаар ч санагдах шиг. Уул, ус, газар шороо Улаанбаатарт бүгсэн бидний сэтгэлийг хөдөлгөнө. Энэ дүрслэл бүхэнд нь зураг авалтын багт талархмаар. Нэг киноноос ганц зүйл ойлгоод авах бус дүрийн гоо сайхан, байгалийн сайхныг бишрэн шүтэх эрх чөлөөг бидэнд олгосон мэт. Нүүр хувиргалтын баг ч чамбай ажилласан харагдсан. Дөрвөн улирлын зураг авалтанд жүжигчид болон арын албаныхан халахдаа халж, хөрөхдөө хөрж явсан нь харагдана.
Бавуугийн Лхагвасүрэнгийн жүжгийг дэлгэцийн бүтээл болгож орчин үеийн залууст хүргэсэн нь кино урлагт дутагдаад буй зүйлийг нөхөж өгч буй мэт. Аав хүний сэтгэлийг яруу тодоор харуулсан кино, дэлгэцийн бүтээл ховор энэ үед тэр дутагдсан орон зайг ч мөн нөхөж энэ сайхан бүтээл гарсан нь сайшаалтай. Найруулагчийн хувьд энэ жүжгийг кино болгоё гэсэн асар том сорилт тавьж түүндээ хүрч чадсан мэт, хувь хүндээ өөрийгөө сорьж, хэр том амбицтай найруулагч вэ гэдгээ харуулж чадсан гэж бодож байна. Үүнээс илүү бичвээс спойлер болох магадлалтай тул ингээд дуусгая. Аавдаа хайртай хүн бүр, аавын сайхан сэтгэлийг мэдрэхийг хүссэн хүн бүр энэ киног үзээсэй…
К.Золзаяа





