Нүүр хуудасМэдээЗам, талбайн цэвэрлэгээний 28 машиныг Хот тохижилтын газарт хүлээлгэн өгчээ

Зам, талбайн цэвэрлэгээний 28 машиныг Хот тохижилтын газарт хүлээлгэн өгчээ

Хотын өнгө үзэмжийг сайжруулах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг хот тохижилтын үйлчилгээний бүтээмжийг нэмэгдүүлэх, шаардлагатай машин техникээр хангахад нийслэлийн удирдлага онцгой анхаарч буй. Энэ хүрээнд зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т өнөөдөр хүлээлгэн өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хотын өнгө үзэмж, цэвэрлэгээ үйлчилгээ, тохижилтыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцан ажилладаг. Энэ үйлчилгээг сайжруулах, бүтээмжийг нь нэмэгдүүлэхэд шаардлагатай байгаа цэвэрлэгээний машинуудыг өнөөдөр хүлээлгэн өгч байна. Тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүрэлцээг нь нэмэгдүүлэх ажил цаашид ч үргэлжилнэ. Энэ чиглэлд нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлууд бий. Мөн хөрш орнууд, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын болон хамтран ажилладаг байгууллагуудтай хамтарч ажиллах талаар хэлэлцээр хийж байна” хэмээв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Хот тохижилтын үйлчилгээнд ашиглах машин техникийн хангамжийг нэмэгдүүлэх нь  маш чухал. Энэ хүрээнд эхний ээлжийн  машинуудыг хүлээлгэж өглөө. Ирэх сараас том оврын, тусгай зориулалтын техникүүдийг оруулж ирэх зэргээр шинэчлэлийг үе шаттайгаар хийнэ. Олон улсын байгууллага, Элчин сайдын яамд, найрамдалт харилцаатай хотуудын хамтын ажиллагааны хүрээнд санхүүжилтийг шийдэх боломж бий” гэжээ.

Зам, талбайн цэвэрлэгээний эдгээр машин нь БНХАУ-ын “Greenhub” маркийнх бөгөөд моторын хүчин чадал, өгсүүр замаар явах хүч нь одоо ашиглаж буй машиныхаас илүү, мөн тэвшээ автоматаар буулган хог хаягдлаа асгадаг, өвөл зуны аль ч улиралд ажиллах боломжтой юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН