БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСТАЙ ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Зуны Давос чуулга уулзалтад оролцох үеэрээ /2026.06.23/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзав.
Ерөнхий сайд нар Монгол, Солонгосын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин хөгжиж буйг тэмдэглээд, энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явц, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар ярилцав.

Сөүл хотноо өнгөрсөн онд болсон “Чухал ашигт малтмал ба уул уурхайн хөрөнгө оруулалт” сэдэвт Монгол, Солонгосын хамтарсан форумын үеэр талууд уулзаж байснаа дурсаж, тэр үед тохиролцсон “Чухал ашигт малтмалын хамтарсан судалгааны лаборатори” нээгдсэнд талууд баяртай байгаагаа илэрхийлээд ховор металлын салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиров.
Хоёр улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах тав дахь шатны хэлэлцээ энэ зургаадугаар сард Улаанбаатар хотноо болсныг талууд сайшааж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үр ашигтай хэлэлцээр байгуулахын төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллахаа тэмдэглэв.

Ерөнхий сайд Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогын хүрээнд хувийн хэвшлийг дэмжих, бизнес эрхлэхэд ээлтэй орчныг бүрдүүлэх, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах ажлуудыг хэрэгжүүлж буйгаа онцлоод банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байгаа гэлээ. Тухайлбал, УИХ-д өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулиар гаднын банк үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Үр дүнд нь Какаобанкаас эхлээд Солонгосын нөлөө бүхий хэд хэдэн банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах боломжтой гэдгийг илэрхийллээ.
Талууд эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд 2019 онд эхлүүлсэн ч зогсонги байдалд орсон 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөлд яаралтай шийдэл олохоор тогтов.

Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг дүгнэж, БНСУ-ын анагаах ухааны хөгжил дэвшлээс нэвтрүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мэдээллийн дэвшилтэт технологи, цахим шилжилтийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.
Монгол, Солонгосын иргэд харилцан зорчих нь эрчимтэй нэмэгдэж байгааг хоёр тал онцлон тэмдэглээд цаашид иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар санал солилцов. Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.






