Нүүр хуудасМэдээЗГ: Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн конвейерийн нээлтэд...

ЗГ: Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн конвейерийн нээлтэд оролцжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ням гарагт /2026.02.08/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, Нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламжийн нээлтэд оролцлоо.

12.6 км урттай конвейер ашиглалтад орсноор баяжуулах үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боломж бүрдэж байна. Мөн тээвэрлэлтийн явцад үүсдэг тоосжилт 80 хувиар буурч, авто тээвэртэй холбоотой осол, эндэгдэл гарах эрсдэлийг 100 хувь бууруулав. Үүнээс гадна нүүрсийг сорчлохгүй олборлож, ордын нөөцийг бүрэн ашиглаж экспортод гаргах боломжтой болж байна. Жилд 10 сая тонн нүүрс авто тээврээр тээвэрлэж байсан зардал 78 хувиар буурч, жилд дунджаар 267.5 тэрбум төгрөг хэмнэх юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудад олон улсын нүүрсний зах зээлийн үнийн уналт болон бусад шалтгаанаар гацсан 41 гэрээг шийдвэрлэх үүрэг даалгавар өнгөрсөн оны 7 дугаар сард өгсөн. Үүнээс 37 гэрээг амжилттай шийдвэрлэж, 4.2 сая тонн нүүрсийг “Монголын хөрөнгийн бирж”-ээр дамжуулан борлуулсан байна.

Мөн БНХАУ-ын гүн дэх эцсийн хэрэглэгчид болон нүүрс худалдааны томоохон боомтуудад нүүрс хүргэн борлуулах ажлыг эхлүүлснээ Ерөнхий сайдад танилцууллаа. Цаашид Япон, БНСУ, Энэтхэг зэрэг гуравдагч зах зээлд гарах, цөөн худалдан авагчаас хамааралтай байдлыг бууруулж, зах зээлээ тэлэх чиглэлд анхаарч ажиллаж байна.

Ерөнхий сайд компанийн удирдлагуудад дараах үүрэг чиглэл өгөв.

Үүнд:

Компанийн засаглал, ил тод байдлыг олон улсын жишигт нийцүүлж, нээлттэй компани болгох хүрээнд гүйцэтгэх удирдлагын баг болон ТУЗ-ийн хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй, олон нийтийн оролцоотой зохион байгуулах,

Сүүлийн гурван жилийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланд олон улсын аудит хийлгэх ажлыг энэ оны 2 дугаар улиралд багтаан дуусгах,

ТУЗ-ийн дэргэд “Олон нийтийн хяналтын зөвлөл”-ийг нээлттэй сонгон шалгаруулалтаар зохион байгуулах,

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангаж, уг ордыг хамгийн өндөр өгөөжтэй, урт хугацаанд тогтвортой ашиглах ТЭЗҮ-г эцэслэн боловсруулах, орд ашиглалтын төлөвлөгөөг Засгийн газарт танилцуулах үүрэг өглөө.

Мөн компанийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, санхүүгийн үйл ажиллагааг цэгцэлж, үр ашиггүй зардал, худалдан авалтаас зайлсхийж, санхүүгийн сахилга, хариуцлагыг чанд мөрдөхийг сануулав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН