Нүүр хуудасМэдээЗГ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж...

ЗГ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна

Хойд бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган хотод эхэллээ

Хойд бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймгийн төв Булган суманд өнөөдөр /2026.05.23/ эхэллээ. Орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг бодлогын түвшинд тодорхойлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой тус уулзалтад Булган, Хөвсгөл, Орхон аймгийн малчид, малын эмч, тариаланчид, УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, сум, багийн удирдлага зэрэг 450 орчим хүн оролцож байна.  

  Ерөнхий сайд Н.Учрал тус уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зорилт, үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлж байна. Мөн Засгийн газрын дэвшүүлсэн Чөлөөлөлтийн бодлогын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт онцгой анхаарч ажиллаж байгааг хэлэв. 

Засгийн газраас хаврын тариалалтад зориулж 7.0 сая литр түлшийг литрийг нь 3400 төгрөгийн үнээр нийлүүлсэн. Хөнгөлөлттэй зээлийн хэмжээг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 200 тэрбум төгрөгт хүргэсэн. 

Атаршсан газарт ногоон тэжээл тариалж, өвөл, хаврын хүндрэлээс сэргийлэх, малын чанарыг сайжруулах зорилготой “НУТАГТАА ЭЗЭН 100:1000” төсөл эхэлж, хойд бүсийн аймгуудад хэрэгжиж байна. 

Малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд боловcруулах үйлдвэрлэлийг өргөжүүлэн, үнэ цэн, өртөг ашиг нэмсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг өсгөнө.

Биокомбинатын үйл ажиллагааг өргөжүүлж гоц халдварт өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. 

Экспортыг дэмжих хүрээнд “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бараа бүтээгдэхүүний экспортыг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Тустогтоолыг хэрэгжүүлснээр экспортын үйл ажиллагаа илүү хялбар, шуурхай болж, аж ахуйн нэгжүүдийн зардал буурч, дотоодын үйлдвэрлэл нэмэгдэн, олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадвар сайжирна гэж үзэж байна. 

Евроазийн таван улсын 2,4 их наяд долларын зах зээлийн үүдийг нээсэн түр хэлэлцээрийн боломжийг Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, Засгийн газрын санаачилсан “Атар-4” аяны бодлоготой уялдуулан уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэхээр ажиллаж байна. 

Цаашид хөдөө аж ахуйн экспортыг дэмжих чиглэлд зөвхөн зээл, дэмжлэгт тулгуурлах бус, салбарын дотоод нөөц бололцоог бүрэн ашиглаж, карбон кредитийн шинэ схемийг нэвтрүүлэн дэлхийн зах зээл дээрх хямд эх үүсвэртэй санхүүжилтийг хөдөө аж ахуйн салбарт татах нь чухал байна. 

Монгол Улсын Засгийн газар хойд бүсийн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлд онцгойлон анхаарал хандуулж бэлчээрийн тогтвортой менежментийг нэвтрүүлж, эрчимжсэн мал аж ахуйг байгальд ээлтэй байдлаар хөгжүүлэх, бүс нутгийн онцлогт тохирсон цөм сүргийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үржүүлж, дэмжин хөгжүүлэх бодлого баримталж байна. 

Мөн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Уулзалтад хүрэлцэн ирсэн төлөөллүүд салбарын өмнө шийдвэрлэх асуудлын талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН