Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа, дотоодын цэргийн байгууллагатай хамтран “Процессын дахин инженерчлэл”-ийн (ПДИ) ажлыг 2025 оны 5 дугаар сараас эхлүүлсэн билээ.
Энэхүү ажил нь:
• Чиг үүргийн давхардлыг арилгах
• Алба хаагчдын ачааллыг тэнцвэржүүлэх
• Иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх
• Байгууллагын бүтээмжийг сайжруулах
зорилготой юм.

Тус ажлыг зохион байгуулж буй хамтарсан ажлын хэсгийн уулзалт өнөөдөр /2025.08.14/болж, ажлын явц, судалгааны үр дүнг хэлэлцэв.
Судалгаа, шинжилгээний гол үр дүн:
• 462 хууль, эрх зүйн акт шинжилснээс 133 зөрчил, давхардлыг илрүүлсэн
• 2354 эрсдэл бүртгэгдсэний 62.2% нь үйл ажиллагааны, 19.6% нь “маш ноцтой” ангилалд хамаарч байна
• 276 процессын зураглал боловсруулж, асуудал, сайжруулах боломжийг тодорхойлсон
• 10 алба, нэгжийн 201 алба хаагчийн ажлын байранд хийсэн ажиглалтаар 8896 үйлдлийг баримтжуулан дүн шинжилгээ хийгдлээ.

Уулзалтын үеэр ЗГХХГ-ын дарга Б.Батцэцэг: “Цагдаагийн байгууллагын ПДИ-ийн явц, арга зүй нь сайн үр дүн өгөх боломжтой. Бүтцийн болон үйлчилгээний түвшинд бодит өөрчлөлт хэрэгтэй. Иргэдийн хүлээлт өндөр байгаа тул богино хугацаанд үр дүн гаргах нь чухал” хэмээн онцоллоо.
Харин ЦЕГ-ын дэд дарга, хурандаа О.Ганбат: “Манай байгууллага энэ ажлыг санаачилж, ЗГХХГ-тай хамтран үр дүнтэй ажиллаж байна. 104 жилийн түүхтэй цагдаагийн байгууллага өнөө цагийн хэрэгцээнд нийцсэн шинэчлэлийг хэрэгжүүлж байгаагийн нэг жишээ нь энэ” хэмээн онцлов.

Мөн судалгаагаар:
• Албан хаагчдын ачаалал, үйлчилгээний чанар, бүтэц зохион байгуулалт, эрх зүйн уялдаа холбоо зэрэг олон үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийгдсэн
• Дотоодын цэргийн зарим үйл ажиллагаа батлан хамгаалах байгууллагын эрх зүйн зохицуулалтад хамаарч байгаатай холбоотойгоор эрх зүйн зөрчил үүсч байгааг анхааруулсан
• Урсгал зардлын хүрэлцээгүй байдал зэрэг санхүүгийн хүндрэлүүд нь шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг гэдгийг онцолжээ
Хамтарсан ажлын хэсэг нь найман үндсэн чиглэлээр процессын дахин инженерчлэлийн ажлыг үргэлжлүүлж, 2025 оны III улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд тайлан, санал дүгнэлтээ танилцуулахаар ажиллаж байна.
